Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ өнөөдөр /2016.05.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Үүнээс онцлох хэдэн мэдээллийг хүргэе.
Нэгдүгээрт, шатахууны үнэ нийслэлд 160 төгрөг, орон нутагт 360 төгрөгөөр буурсан гэх мэдээллийг тус газрын дарга Д.Мөнхтөр өглөө. Монгол Улсын Засгийн газраас цагаан сарын дараа шатахууны үнийг 50 төгрөгөөр буулгаснаас хойш даруй хэд хэдэн удаа бодитойгоор буурсан дүр зураг шалгалтын явцад харагдсан гэлээ. Д.Мөнхтөр “Шатахууны үнэ буурсан л гээд байдаг. Бодит байдал дээр яасан бэ гэдэгт манай байгууллагаас шалгалт явуулсан. Ингэхэд шатахууны үнэ бодитойгоор буурсан байсан. 1500, 1530 төгрөг хүртэл шатахууны үнэ буурсан байна. Зарим шатахуун түгээх станц гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчдэдээ 1450 төгрөгөөр хүртэл үйлчилж байсан. Ингээд шатахууны үнэ буурсан учраас өргөн хэрэглээний барааны үнийн бууралтын асуудалд хяналт шалгалт хийж байгаа. Тавдугаар сард багтаж энэ шалгалтын үр дүнг танилцуулна” гэлээ.
Хоёрдугаарт, их, дээд сургуулийн үнийн асуудал. Ирэх хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэх бол хэдэн хувиар нэмэх вэ гэдгийг энэ хичээлийн жилд багтаж зарлах шаардлагыг төрийн өмчийн их, дээд сургуулиудад хүргүүлжээ. Гэвч энэ шаардлагын хугацаанд сургуулийн захиргаанаас ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байна. Хэрвээ ирэх жил улсын их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэн тохиолдолд урьдчилж мэдэгдэлгүй шийдвэр гаргасан гэх асуудал үүсгэнэ гэлээ.
Гуравдугаарт, арилжааны банкууд орон сууцны зээл олгохдоо өөрсдийн сонгосон даатгал, нотариатыг иргэдэд тулгаж буй зөрчил илэрчээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 11 арилжааны банк, 14 даатгалын компани, найман тойргийн нотариатыг хамруулсан шалгалтаар энэ зөрчил илэрчээ. Энэ нь иргэдийн сонгох эрхийг, мөн бизнесийн байгууллагын шударгаар өрсөлдөх боломжийг хааж буй хэрэг юм байна. Улмаар дээрх банкуудад нэг сарын хугацаатай албан шаардлага хүргүүлж, сануулсан байна.
Дөрөвдүгээрт, эмнэлгийн байгууллага үйлчилгээний үнэ тариф, төлбөртэй тусламжийн мэдээллээ нийтэд хүртээмжтэй, ойлгомжтой байрлуулах үүрэг хүлээдэг байна. Энэ хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог, судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг гээд долоон эмнэлэгт шалгалт хийжээ. Ингэхэд эмнэлгүүд үнэ тариф, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг үйлчлүүлэгчдэд хүргэх үүргээ хангалттай гүйцэтгэдэггүй болох нь тогтоогджээ. Иймээс холбогдох байгууллагуудад албан шаардлага хүргүүлжээ.
Б.ЗАЯА