НҮБ-ын дэргэдэх Олон улсын жуулчны байгууллага (UNWTO) дэлхийн аялал жуулчлалын санхүүгийн үзүүлэлтийн жил тутмын илтгэлээ нийтлүүлжээ. Иргэд нь аялал жуулчлалд хамгийн их мөнгө зарж байгаа орны жагсаалтыг Хятад тэрүүлж байна. Удаад нь АНУ, Герман оржээ.
Илтгэлд өгүүлснээр дэлхийн хэмжээгээр аялал жуулчлалын ерөнхий ашиг 2015 онд 3,6% болж 1,4 их наяд ам.долларт хүрчээ. Үүнд, зочид буудал, ресторан, зугаа цэнгээний арга хэмжээ, шопингийн үнэ багтсан байна.
“Өнөөгийн байдлаар аялал, жуучлал нь олон улсын худалдаа үйлчилгээний үндсэн ангилал болж байна. Өнгөрсөн онд аялал жуулчлалын салбар ихээхэн өсч, эдийн засгийн өсөлтөд сайнаар нөлөөллөө” хэмээн UNWTO байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифаи мэдэгджээ.
НҮБ-ын дэлхийн жуулчлалын байгууллагын мэдээгээр жуулчлалын гол чиглэл нь АНУ, Хятад, Испани, Франц улсууд байна. Үүний зэрэгцээ Карибын сав нутаг, Төв ба Өмнөд Америкийн орнууд олон улсын аялал жуучлалын ашгийн өсөлтөө мэдэгдэхүйцээр нэмэгдүүлж чадлаа.
Хятадууд аялал жуулчлалд хамгийн мөнгө зарсан хэвээр байна. 2015 онд тэд аялал жуулчлалын зардлаа 25 хувиар нэмэн 292 тэрбум ам.доллар болгожээ. Америкчууд 120 тэрбум доллар зарлагадсан нь 2014 оныхоос есөн хувиар өсчээ. Германчуудын зарлага 76 тэрбум доллар байгаа нь 2014 оныхоос бага зэрэг буурчээ. Энэ нь еврогийн ханш суларсантай холбоотой. Англичууд 63 тэрбум, францчууд 38 тэрбум ам.долларыг тус тус зарцуулсан байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР