Сонгуулийн тухай хууль болон “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д сонгуулийн сурталчилгааг олон нийтийн радио телевиз болон өргөн нэвтрүүлгийн радио телевизээр л нэвтрүүлнэ хэмээн заасан билээ. Энэ заалтыг сонгуулийн сурталчилгаа явуулах эрхийг нь хаасан гэж үзэн кабелын телевизүүд нэгдэн СЕХ, Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичиг хүргүүлж, асуудлаа нааштай шийдвэрлүүлсэн билээ.
Тухайлбал, “Масс”, “ТВ1”, “Сүлд”, “ОNTV”, “Рояал”, “MNC”, “NBS”, “TV10”, “SEVEN”, “Olloo”, “Малчин” телевизүүдээр сонгуулийн сурталчилгаа явуулах болсноо мэдэгдсэн. Ингэснээр сонгуулийн сурталчилгааг нийслэлийн 29 телевиз, 31 радио, орон нутгийн 74 телевиз, 96 радиогоор нэвтрүүлэх болов.
Харин эдгээр телевиз, радиогийн сонгуулийн сурталчилгааны хяналтыг ШӨХТГ-аас дүгнэлт гаргаж, ХХЗХ тавина. “Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх, хяналт тавих журам”-д зааснаар /Журмыг ЭНД-ээс харна уу/ сонгуулийн сурталчилгаа явуулахдаа зөрчил гаргавал тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг зургаа хүртэлх сараар хязгаарлах юм.
Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас хэвлэлийн хурал зарласан юм. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр сонгуулийн сурталчилгаанд хэрхэн хяналт тавих асуудлыг ч дурдлаа.
Д.Мөнхтөр:
Эхлээд телевизүүдэд үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээлэл өгье. "Медиа Порт" телевизүүдийн консорциумаас Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороог телевизүүдийн сонгуулийн сурталчилгаа явуулах эрхийг хязгаарласан шийдвэр гаргасан хэмээн манайд хандсан. Шударга өрсөлдөөний талаас асуудлыг хянаж өгнө үү гэж хандсан л даа. Энэ хүрээнд хувийн телевизүүд буюу арилжааны телевизүүдийг сонгуулийн сурталчилгаа явуулах эрхийг нь хангаж өгсөн.
Дараагийн асуудал нь ШӨХТГ сонгуулийн сурталчилгаанд хэрхэн хяналт тавих вэ? Сонгуулийн тухай хуулийн 70.1 дүгээр зүйлд заасны дагуу ШӨХТГ энэ асуудалд хяналт тавих ёстой. Энэ үүргийнхээ дагуу ирэх долоо хоногт орон нутаг рүү хүмүүсээ явуулж, байцаагч нартаа тодорхой чиглэл өгч байна.
Мөн Улаанбаатар хотод арилжааны телевиз, сонин, сэтгүүл, сайтад мониторинг хийх өргөн баг бүрдүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн сард нэр бүхий сайт, телевизүүд сонгуулийн хуультай холбоотой хэд хэдэн зөрчил гаргасан. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгжэд эхний ээлжид хариуцлага тооцолгүй, сануулах арга хэмжээ авсан. Зөрчлөө дахин давтвал арга хэмжээ авна. Гэхдээ энэ арга хэмжээг манай байгууллага шууд авахгүй. ШӨХТГ дүгнэлт гаргах л эрхтэй. Дүгнэлтэн дээр үндэслэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос тухайн аж ахуйн нэгжийн эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргана. Мэдээж бидний дүгнэлт шийдвэр гаргахад нөлөөлнө гэх утгаараа аж ахуйн нэгжүүдийг аль болох соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчлуулах үүднээс сануулах арга хэмжээг түлхүү авч байна.