Сэхээнд байсан Сэлбэ ийм өөр болжээ. Модтой, устай, агаартай, салхитай… Магадгүй, хотын хамгийн аятайхан тохижилттой орчныг энд бүрдүүлж болохоор харагдаж байна.
Хотынхоо төвд урсгал устай ийм том давуу талаа ашиглаж чадахгүй олон жил болсны дараа Сэлбийг сэргээх оролдлого үр дүнд хүрчээ. Бараг дөрөв, таван жил ярьж, хийж, бага сагаар явуулж байгаа ажлын хүрээнд усны гольдролыг өөрчилж, орчин тойрныг нь өмнөхөөс эрс сайжруулжээ.
Улаанбаатар шиг ногоон байгууламж муутай хотод үүн шиг л бүтээн байгуулалт дутагдсаар ирсэн. Өнөөдөр аав, ээжүүдийн ихэнх нь хүүхдээ салхиулах гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм уу, Туул голын эрэг барааддаг. Хүн ам төвлөрсөн хотын хэмжээнд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар гарын таван хуруунд багтахгүй цөөн хэдээр тоологдож байгаа болохоор Сэлбийнх шиг сэргэлт зайлшгүй чухал.
Сэлбийн тохижилтыг голынхоо урсгал дагуу хоёр чигт нь аль болох олон метр үргэлжлүүлбэл усыг нь ч, орчныг нь ч хамгаалж үлдэх сайхан боломж харагдаж байна. Одоо бол замынхаа урд руу буюу Нарны гүүр орчимд байдал энэ зурган дээрхээс нилээд өөр байгаа. Тэр бүгдийг бүхэлд нь үүн шигээ тордож янзлах байх аа.
Нэгэнт л Сэлбэ голыг сэргээх гэж байгаа бол, цаашид амарч салхилах зам талбай, ногоон байгууламжтой болгох гэж байгаа бол ингэж шинэчилж, зассан дээрээ харуул хамгаалалт, хариуцах эзэнтэй болгомоор юм шиг.
Учир нь, ингэж зассан, бүтээн байгуулсан ажлыг эхнээс нь эвдэлж хэмхлэн, эрээчиж сараачдаг зуршил Сэлбийн эргээс ч харагдаж байна. Засч дуусаагүй зам, өрж амжаагүй тоосго, чулууг нь эргээд харахын хооронд нураах явдал олон гэнэ. Будсан хана, тохижуулсан сандал зэргийг эхнээс нь сүйтгэжээ. Дээр нь голын хоёр талаар барьж байгаа барилгын хог хаягдал, чулуу, шороо энэ голыг эргэж амь тасрахад нөлөөлөх магадлал тун их. Угаасаа ч өмнө нь Сэлбэ татарсан, бохирдсон, бараг урсацгүй болсон нь хүний буруутай үйлдэлтэй л холбоотой байсан.
Сэлбэ голын усны эх үүсвэрийн 69 хувийг хур бороо, таван хувийг цас, мөс, үерийн шар ус, 26 хувийг хөрсний ус эзэлдэг. Гэтэл сүүлийн үед барилга байгууламж олон болсноор шар усны үер Сэлбэ голд тэжээл болж очих нь багассан гэдэг. Энэ ч бас бодох л асуудал.
Б.БАЯСАХ
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ