Сайд нарыг чуулганы хуралдаанд ирэхийг сануулав

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Сайд нарыг чуулганы хуралдаанд ирэхийг сануулав

УИХ-ын гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы нэгдсэн хуралдаан 11.30 цагийн орчимд эхэллээ. Тус хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан байсан ч УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан 09.00 цагт ирж, ирцээ бүртгүүлсэн бол УИХ-ын дарга З.Энхболд 08.40 цагт иржээ. Бусад гишүүд 09.00 цагаас хойш ирж, ирцээ бүртгүүлжээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс энэ өдрийн хуралдаанд нэг ч гишүүн ирцээ бүртгүүлээгүй байсан ч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Батлан хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн танилцуулгыг чуулганы хуралдаан эхэнд хийлээ.  Энэ өдрийн чуулганы хуралдаанд оролцож байгаа гишүүдийн ирцийн мэдээллийг энэхүү линкээс дэлгэрэнгүйгээр үзэх боломжтой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы хуралдаанд ирээгүй байсан учраас эл асуудлыг хойшлууллаа. УИХ-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайдад энэ тухай урьдчилан утсаар мэдэгдсэн ч ирээгүй учраас энэ асуудлыг хойшлууллаа. Засгийн газрын сайд нар хуралдаанд ирмээр байна. Дөрөвхөн сайд оролцож байна” гэдгийг санууллаа.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Батлан хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж