УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслөөр ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 3.4 хувьд хүрнэ хэмээн тооцжээ. Ингэхдээ мал аж ахуйн салбарт бодитой өсөлт бий болно хэмээн тооцсон байна. Тухайлбал, 2017 онд махны экспортыг эрчимжүүлэх хүрээнд дунджаар 25-30 мянган тонн мах үйлдвэрлэхээр тооцжээ.
Мөн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн ч экспортод гаргасан түүхий болон угаасан самнасан ноолуур, арьс ширийг НӨАТ-аас чөлөөлөгдөх бараанд хамруулсан нь тухайн салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал, боловсруулалтын түвшинг харгалзаж үзээгүйгээс дараах сөрөг үр дагаврыг үүсгэж байна гэж үзжээ. Үүнд:
Экспортод гаргах самнасан ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний өртөг нэмэгдэж, өрсөлдөх чадвар буурах;
Ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний экспорт буурах;
Ноолуур, арьс ширэнд өртөг шингээж, гүн боловсруулах сонирхол үйлдвэрлэгчдэд төрөхгүй байх;
Арьс ширний дотоод зах зээл дээрх эрэлт буурч, үнэ буурах.
2. Хуулийн 14.1.4 дэх заалтад “ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, таван хошуу мал”-ыг оруулаагүйгээс тэдгээрийг худалдан авсан албан татвар суутган төлөгчийн албан татварыг хасаж тооцох боломжгүй болгожээ. Энэ нь дараах сөрөг үр дагаврууд үүсгэж буй аж. Үүнд:
Ноос, ноолуур болон мах боловсруулах үйлдвэрүүдийн үндсэн түүхий эдээ худалдан авсан үнийн дүнд шингэсэн албан татварыг хасалт хийх боломжгүй болгож, улмаар бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа бууруулах;
Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний өртгийг багасгахын тулд малчдаас авдаг түүхий эдийн үнийг бууруулах;
Үйлдвэрлэгчдийн орлого, ашиг буурах.
Иймд үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргахад зуучлан борлуулагчидтай өрсөлдөхүйц нөхцөлийг бий болгох зорилгоор уг хуулийн төслийн нэгдүгээр зүйлд “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай “хуулийн 13.1.21 дэх заалтыг “Экспортод гаргасан түүхий болон угаасан ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, түүхий болон идээлсэн /ветблю, ветвайт/ арьс шир” гэж өөрчлөн найруулах, хоёрдугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад “ноос, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, мах боловсруулах үйлдвэрлэлд зориулан бэлтгэх таван хошуу мал” гэж нэмэлт оруулахаар зааж өгчээ. Мөн хууль нь батлагдсан өдрөөс дагаж мөрдөхөөр тусгасан байна.
Уг хуралдаанаар мөн Үндэсний аудитын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг сонсож, дууссанаар байнгын хорооны хуралдааныг өндөрлүүлэв.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Г.ДАРЬ