Азийн театрын сургуулиудын IV наадам энэ сарын 18-23 өдрүүдэд Монголд анх удаа болж байна. Уг наадмыг Соёл урлагийн их сургуулийн хамт олон зохион байгуулж байгаа бөгөөд наадамд Азидаа төдийгүй, АНУ, Европын театрын урлагийн боловсрол олгодог сургуулиуд, Японы театр зэрэг нэр хүндтэй 17 сургуулийн төлөөлөл оролцоно.
Энэхүү наадамд Монгол улсаас 2009 онд Н.Ганхуяг багштай жүжигчний ангийнхан ”Чулимскэд өнгөрүүлсэн зун” бүтээлээр анхны салхи хагалан оролцож, 2010 онд Ж.Лхамхүү багштай жүжигчний ангийн оюутнууд А.П Чеховын “Хэтэвч” бүтээлээрээ “Шилдэг жүжигчин”, “Шилдэг дүр”-ийн шагнал хүртсэнээс хойш жил дараалан оролцох болжээ.
Наадмын хүрээнд Герман, Австри, Өмнөд Солонгос зэрэг орны багш нар оюутнуудад жүжиглэх ур чадварын сургалт явуулна. Мөн театрын урлагийн сургуулиудын найман жүжгийг тавьж, шилдгийг нь тодруулах юм.
А.СҮРЭН