А.Нансалмаа: Монголд цусны хавдраар өвдсөн иргэдийн тоо жил бүр өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

А.Нансалмаа: Монголд цусны хавдраар өвдсөн иргэдийн тоо жил бүр өссөөр байна

Дэлхий нийтэд хавдрын эсрэг эмчилгээнүүдийн талаарх маш олон судалгаанууд хийгдсээр байна. Орчин үед хавдрын эсийн молекулын эсрэг бай эмчилгээнүүд нээгдэж практикт нэвтрүүлсэн байна. Эдгээр орчин үеийн эмчилгээнүүдийн 1 болох цусны архаг хавдрын үеийнбай эмчилгээг монголд хэрхэн оруулж ирэх, эмчилгээний практикт нэвтрүүлэх арга замын талаар Эрүүл мэнд спортийн яам, эмч мэргэжилтэнгүүд, эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн өнгөрөгч 5 сарын 13нд Blue Sky Tower-т болж өнгөрлөө. Энэ талаар тодруулахаар бид УНТЭ-ийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн ахлах зэргийн эмч, АУ-ны магистр, доктарант А.Нансалмаатай ярилцаж тодруулсныг хүргэж байна.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье! Өнөөдрийн семинарын зорилго юу вэ? Хэнд зориулагдсан ямар үйл ажиллагаа явагдаж байна вэ?

-Сайн, сайн байна уу? Баярлалаа. Цусны хавдар төдийгүй ер нь хавдрын эмчилгээ дэлхийд олон зуун жилийн туршид судлагдсаар ирсэн. Хавдрын өвчлөл болон түүний эмчилгээ бүх насны хүмүүст болон эмч мэргэжилтнүүдэд тулгамдсан асуудал бөгөөд орчин үед хавдар үүсгэгч эсийн молекулд чиглэсэн “бай” эмчилгээний аргыг дэлхий нийтэд өргөн хэрэглэж байна. Энэ семинараар цусны архаг хавдруудын үеийн тэр дундаа архаг миелолейкемийн үеийн хромосомын өөрчлөлтөөс үүсдэг хавдрын эсийн үржлийг дэмждэг уургыг сонгомолоор өөртөө холбодог молекулд чиглэсэн “бай” эмчилгээний аргыг клиникийн практикт нэвтрүүлсний үр дүнг ярилцах, цаашид уг эмчилгээнүүдээс монголд нэвтрүүлэх ямар арга зам байгааг, юуг шийдвэрлэх хэрэгтэй байна гэдгийг ярилцах зорилготой уулзалт семинар боллоо.

-Энэ уулзалтанд ямар байгууллага, хэн оролцож байна вэ?

-Өнөөдрийн уулзалт семинарт ЭМСЯ-ны мэргэжилтэн, Улсын 1-р төв эмнэлгийн удирдлага, цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төв болон Улсын 2-р төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цусны эмч нар, Novartis компани, Моносфарм Трейд ХХК удирдлагууд, Монголын цусны эмч нарын нийгэмлэг хамтран оролцож байна.  

-Цусны хавдрын өнөөгийн байдал, цаашдын хандлага ямар байна. Ихсэж байна уу? Багасаж байна уу? Эмчилгээний практик ямар байна?

-Сүүлийн жилүүдэд цусны хавдрын тохиолдол жил ирэх тусам өсч байгаа. Манайд хандсан тохиолдлууд ч мөн адил өссөн. Энэ нь магадгүй оношлогоо сайжирсантай холбоотой байж болох ч нөгөөтэйгүүр улс орны хотжих үйл явц, нийгэм хөгжихийн хирээр хавдар үүсгэх хүчин зүйлүүд олноороо бий болсонтой холбоотой. Үүнд: хоол хүнсний аюулгүй байдал, санхүүгийн чадамж, улс орны хөгжил, хүмүүсийн замбараагүй эмийн хэрэглээ зэрэг байна. Энэ талаар судалгаа хийгдэж байгаа бөгөөд нарийн судалгаа одоохондоо гараагүй байна.

-Та семинар дээр яригдсан GIPAP хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулна уу? Цусны хавдартай хүмүүст ямар ач холбогдолтой вэ?

-2002 оноос эхлэн Новартис компани “МАХ Foundation” сангаар дамжуулан дэлхийн 80 гаруй оронд цусны архаг хавдар болох архаг миелолейкеми, ходоодны хавдрын 1 хэлбэр GIST, цусны лимфоцитийн цочмог хавдрын нэг /Ph+/-тэй хэлбэр зэргийн үед уудаг  орчин үеийн  хавдрын эсийн молекулд чиглэсэн “бай” эмчилгээ болох Иматиниб эмийг хүмүүнлэгийн тусламжаар үнэгүй өгдөг хөтөлбөр юм. “MAX Foundation” сан нь 1993 онд байгуулагдсан, дэлхийн ядуу буурай орнуудын хавдартай хүмүүст туслалцаа үзүүлэх зорилгоор байгуулагдсан. Улмаар үйл ажиллагаа нь өргөжиж улс орнуудыг хөгжлийн түвшинг харгалзалгүйгээр хавдартай хүмүүст олон чиглэлээр туслалцаа үзүүлж буй хүмүүнлэгийн байгууллага юм.

Манай орны хувьд 2003 оноос эхлэн GIPAP хөтөлбөрт хамрагдсан. Өнөөдрийн байдлаар 65 хүн GIPAP хөтөлбөрөөр дамжуулан орчин үеийн “бай” эмчилгээнд хамрагдаж олон жилийн турш амьдралын чанараа алдахгүй, хэвийн ажиллаж амьдарч байгаа нь маш том буяны үйлс болж байгаа юм.

-Монгол улсад цусны хавдрын хэдэн төрөл нь  тохиолддог вэ? Ямар төрлүүд байдаг вэ?

-Цусны хавдар нь хурц, архаг 2 хэлбэртэй. Цус үүсгэх аль эрхтэнд үүсэж байгаа, мөн ямар эгнээний эсийг хамарснаасаа, эсийн хэт төлжилт нь хэдэн эгнээг хамарсан зэргээр нь олон хэлбэр болгодог. Өнөөдрийн байдлаар GIPAP хөтөлбөрт оролцож байгаа нь цусны архаг явцтай миелойдын эснээс гаралтай эмгэгийн талаар яригдаж байна. Манай улсад одоогоор 100 гаруй ийм эмгэгтэй хүн байна. Эдгээр хүмүүсийн 70 хувь нь GIPAP хөтөлбөрт хамрагдаж чадсанаар хэвийн ажиллаж, амьдарч чадаж байна.

-Энэхүү GIPAP хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хүний хувьд дэлхийн улс орнуудын практикт судлагдсан хөтөлбөрүүдээс харахад цаашдаа хэрэгжүүлчих юмсан гэсэн хөтөлбөр танд байдаг уу?

-Бидний хандаж амжаагүй хавдрын болон бусад өвчний орчин үеийн эмчилгээнд туслалцаа үзүүлдэг, дэлхийн стандартад нийцсэн үйл ажиллагаатай, олон улсад үйл ажиллагаа явуулдаг, хяналттай хөтөлбөрүүд олон байдаг. Миний бие GIPAP хөтөлбөрийг 7 жил хариуцан хэрэгжүүлж байгаа бөгөөд уг хөтөлбөрөөс эмээ аваад монголд гаалиар нэвтрүүлэхээс эхлээд лиценц авах гээд хууль эрх зүйн талаас төвөгтэй асуудлууд олон гарч ирсээр байдаг. Жишээ нь: Манай улсад 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Гааль, НӨТ-н тухай хуулиар хүмүүнлэгийн тусламжаар орж ирж байгаа эм, эмнэлэгийн хэрэгслийг татвараас чөлөөлдөг заалт хасагдсан. Үүний үр дүнд өвчтөнүүдийн маань эмэнд их хэмжээний гаалийн татвар нэхэгдэх болсон.

Тийм ч учраас бид тэр болгон олон улсын хөтөлбөрүүдийг оруулж ирэхэд маш их цаг хугацаа шаардагдаж, нилээн асуудал тулгардаг. Энэ нь хууль эрх зүйн асуудал болон олон шат дамжлагатай бичиг цаас бүрдүүлэх гэх мэт хүчин зүйлүүдээс ихээхэн шалтгаалдаг.

-Эцэст нь хавдраас сэргийлэх талаар хүмүүсд хандан юу хэлэх вэ?

-Ерөнхийдөө хавдар төдийгүй бүх өвчнөөс сэргийлэхийн тулд хоол хүнсний аюулгүй найдвартай хэрэглээ, зөв хооллолт, эмийн зохистой хэрэглээ, амны хөндийн эрүүл мэнддээ иргэд анхаарал хандуулж амьдралын зөв хэвшилтэй байх нь эрүүл амьдрах үндэс болдог. Улмаар хоолойн ангина, эмэгтэйчүүдийн үрэвсэл, шээсний замын үрэвсэл зэрэг архаг голомтот өвчнүүдийг эрт эмчлүүлэх нь нэн чухал асуудал юм.  

Аливаа эмгэгийг эрт оношлоход дараах 3 зүйлээс хамаардаг. Нэгт. Эрт оношлогоо: Энэ нь хувь хүн урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд хир эрт хамрагдаж чадаж байна вэ гэдгээс хамаарна. Хоёрдугаарт: Анхан шатны чиглүүлэг буюу анхан шатны эмч нар хэрхэн зөв чиглүүлж байгаагаас хамаарна. Гуравт: Нарийн мэргэжлийн эмчилгээ буюу нарийн мэргэжлийн эмч нар яаж оновчтой эмчилгээ хийх вэ гэдгээс хамаардаг.

-Дэлгэрэнгүй сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж