ОХУ-ын тамирчдын сэргээшийн хэргийг АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /FBI/ шалгахаар болжээ. Харин АНУ-ын Холбооны мөрдөх товчоо энэ хэргийг шалгах эрх зүйн үндэсгүй гэдгийг ОХУ-ын талаас мэдэгджээ. Оросын тамирчдын сэргээшийн шинжилгээг луйвардахад холбоо нь оролцдог гэх мэдээлэл өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цацагдсан билээ. Энэ хэргээс үүдэн Олон улсын хөнгөн атлаетикийн холбооноос Оросын тамирчдын тэмцээнд оролцох эрхийг хассан юм. Олон улсын хөнгөн атлетикийн холбоо хоригийн хугацааг ирэх наймдугаар сард эхлэх “Рио 2016” Олимпыг дуустал сунгахаар хэлэлцэж байгаа аж. Үүний зэрэгцээ 2008 оны Бээжингийн Олимпод оролцсон тамирчдын допингийн шижилгээний 454 дээжид давтан шинжилгээ хийхэд 31-д сэргээш илэрсэн юм. 12 орны 31 тамирчны дунд ОХУ-ын тамирчид байгаа гэх таамаг байна.
Оросын тамирчдын сэргээшийн дуулиан Вашингтон, Москвагийн хоорондох улс төрийн зөрчлийг улам хурцатгаж байгаа юм. “Eurovision тэмцээн, спортын тэмцээн, соёлын арга хэмжээ, одоо Олимпын наадам. Энэ бүгд ОХУ-ын эсрэг шинэ хүйтэн дайны зэвсэг болон ашиглагдаж байна” хэмээн ОХУ-ын парламентын доод танхимын олон улсын харилцааны хорооны дарга Алексей Пушков мэдэгджээ. Түүнчлэн “ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг нь нэмэргүй болохоор одоо бидэн рүү спорт, соёл урлагийг ашиглан довтолж байна” хэмээн доод танхимын улстөрч Леонид Лебедев ярьжээ. Европын хамгийн том дууны тэмцээн “Eurovision”-д Крым хойгийг ОХУ-д нэгдсэнийг эсэргүүцсэн дуугаар финалд оролцсон Укрианы дуучин түрүүлсэн юм.
Эх сурвалж: CNN
Б.АНХТУЯА