Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийж буй анхны албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өглөө БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хөх ордноо угтан авч, хүндэтгэл үзүүллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсны дараа хоёр улсын ерөнхийлөгч дурсгалын зураг татуулав.
Яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нарын албан ёсны хэлэлцээ эхэлж байна.
Өчигдөр буюу айлчлалын эхний өдөр Сөүл хотын дарга Пак Вон Сүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Сөүл хотын Хүндэт иргэний батламж гардуулсан. Уг ёслолын дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг хуваалцсан юм.
Айлчлалыг манай сурвалжлагч Л.НАРАНТӨГС сурвалжилж байна.