Уг нь МАН тодруулж хэлбэл, тус намыг С.Баяр удирдаж байхдаа сонгуулийн пропорцианаль тогтолцоог уриалсан аж. Тэрбээр ард түмний санал бодлыг бүрэн дүүрэн тусгасан сонгуулийн тогтолцоог бий болгохын төлөө ажиллах болно гэсэн амлалтыг өгч байжээ. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 100 хувь пропорцианаль сонгуулийн тогтолцоог санал болгосон.
Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд пропорцианаль давамгайлсан сонгуулийн хуулийн төслийг санал болгосон. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдчихсөн, УИХ дахь Ардчилсан намын бүлэг пропорцианаль давамгайлсан 50:26 хувилбараасаа буцаж, 38:38 дээр тогтохоор ухарч эхэлсэнд ИЗ-МНН харамсч буйгаа мэдэгдлээ.
Хоёр дахь шаардлага нь УИХ-ын хаврын чуулган завсарлахаас урьтаж УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг батлан гаргах ёстой. Ингэхдээ пропорцианаль давамгайлсан 50:26 хувилбараар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталлаа гэхэд өнөөдрийн хоёр том улстөрийн хүчин эргээд УИХ-ын 2012 оны сонгуульд дахин сонгогдох магадлал өндөр байгаа. Тиймээс ард түмний санал хаягддаггүй пропорцианаль тогтолцоо давамгайлсан УИХ-ын Сонгуулийн хууль дээр тогтож батлахыг хүсч буйгаа мэдэгдлээ.
Хэрвээ хоёр нам ойлголцолд хүрч чадалгүй УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн тогтолцоогоор ард түмний дунд санал асуулга явуулна гэх юм бол Үндсэн хууль зөрчиж байгуулсан хамтарсан Засгийн газрыг огцруулах ёстой гэж тус намын дарга мэдэгдлээ. Учир нь УИХ-ын 2008 оны сонгуулиар МАН олонхи суудал авсан атлаа Ардчилсан намтай хамтран стандарт бус Засгийн газар байгуулсан явдал нь өөрөө эргээд Үндсэн хууль зөрчсөн асуудлыг үүсгэсэн учраас энэхүү алдаагаа зассан цагт санал асуулга руу орох ёстой гэж мэдэгдэж буй юм.
Мөн ИЗ-МНН-ын дэд дарга Э.Зоригт “Ард түмний дунд санал асуулга явуулахад 6-8 тэрбум төгрөг зарцуулах ёстой болж байгаа. Хэрвээ Засгийн газарт санал асуулгад зарцуулах тэр их тэрбум төгрөг байгаа бол ахмадуудад эхлээд амлалтаа өгөөч ээ. Заавал санал асуулга гэхгүйгээр хараат бус социологийн судалгааг наадмын дараа буюу найм, есдүгээр саруудад хийлгэх боломжтой. Түүндээ үндэслээд Сонгуулийн хуулиа батлах боломж бас байна” гэлээ.
Ямар ч байсан тус намын хувьд ард түмний дунд УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар санал асуулга явуулахыг эсэргүүцэж байна. Ийм үйлдэл хийх нь жижиг асуудлыг хэт томруулж, эцсийн дүндээ Үндсэн хуульд наад зах нь арван жилийн турш өөрчлөлт оруулах аюул дагуулж болзошгүй учраас оронд нь УИХ тарсан нь хохирол багатай тусна гэж үзэж буй юм.