Батлан хамгаалах салбарын дөрвөн том хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалах салбарын дөрвөн том хуульд өөрчлөлт оруулна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас УИХ-д өргөн барьсан Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, Цэргийн албаны тухай, Цэргийн албан хаагчийн эрх зүйн тухай хуулийн төслүүд болон тэдгээртэй холбогдох бусад хуулийн төслүүдийн онцлогийн талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбаттай ярилцлаа.

Батлан хамгаалах салбарын багц хуулийн УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Эдгээр хуулийн төслийн талаар товчхон танилцуулахгүй юу?

-Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэл эрчимтэй явагдаж байна. Тодруулбал, 2015 оны УИХ-ын 85 дугаар тогтоолоор Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг шинэчлэгдэн батлагдсан. Энэ бодлогын баримт шинэчлэгдсэнээр салбарын бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах боломж бүрдсэний дагуу БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсэг, цэргийн эрдэмтэн судлаачид, бусад албаныхан  хамтран боловсруулсан дөрвөн багц хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-д өргөн барьсан. Эхний онцлох хууль бол Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл. Монгол Улсын батлан хамгаалах тухай хууль 1993 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 4 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Харин хуулийн төсөлд батлан хамгаалах үйл ажиллагаа, түүний зарчим, хуулийн нэр томьёо, Монгол Улсын цэргийн байгууллыг шинээр тодорхойлж, төр, засгаас батлан хамгаалах талаар хэрэгжүүлэх арга хэмжээг нарийвчлан тусгасан. Тэр дундаа батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхаар шинээр тодорхойлсон. Хоёр дахь төсөл бол Зэвсэгт хүчний тухай хууль. Энэ хууль маань 2002 онд батлагдсан бөгөөд энэ хугацаанд 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Хуулийн төсөлд Зэвсэгт хүчний удирдлага, түүнийг хэрэгжүүлэгч Улсын Их Хурал, Ерөнхийлөгч бөгөөд Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын бүрэн эрхийг тодорхойлж, шинээр тодорхойлсон төрлийн цэргийн командлалтай холбогдох эрх зүйн харилцааны зохицуулалтыг нарийвчлан тусгасан байгаа.

-Тэгвэл Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдэд ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь батлагдан гарснаас хойших 23 жилийн хугацаанд хуулийн зорилтоо амжилттай гүйцэтгэж ирсэн. Гэвч Монгол Улсын иргэн, эх орноо батлан хамгаалах бэлтгэлийг эзэмших, батлан хамгаалах үйл ажиллагаанд оролцох, цэргийн бүртгэлд хамрагдах, цэргийн үүрэгтэн цэргийн анхан шатны бэлтгэлд, цэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн мэргэжлийн давтан сургалтад хамрагдах, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох зэрэг иргэний цэргийн үүрэгт хамаарах асуудлыг илүү боловсронгуй болгох шаардлага алхам тутамдаа тулгарч байна. Харин энэ төсөл батлагдсанаар хугацаат цэргийн алба, цэргийн гэрээт алба, цэргийн дүйцүүлэх албатай холбогдох харилцааны эрх зүйн зохицуулалтууд тодорхой болж, иргэний их, дээд сургуулийн оюутан цэргийн алба хаах эрх зүйн үндэс бүрдэнэ. Мөн иргэнийг цэргийн албанд авах болзол, шалгуур үзүүлэлт, цэргийн алба хаагчийн захиргааны үйл ажиллагааны хэрэгжилт, төрийн цэргийн байгуулал дахь цэргийн цолыг хэрэглэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтууд сайжран төрийн цэргийн байгууллагуудын нэгдмэл харилцаа улам боловсронгуй болох юм.

-Ямар шалтгаанаар эдгээр хуулийн төслийг шинэчлэн найруулах болсон бэ?

-Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2010 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал батлагдсан. Дараа нь 2012 онд Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлал батлагдсан. 2015 онд Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичгийг шинэчлэн баталсан. Эдгээр эрх зүйн баримт бичгүүдтэй уялдуулаад дээрх дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай болсон юм. Үндсэндээ 1998 онд батлагдсан Төрийн цэргийн баримт бичиг 17 жилийн дараа "Батлан хамгаалах бодлогын үндэс" баримт бичиг шинэчлэгдэн батлагдлаа. Энэ бол салбарын хэмжээнд эрх зүйн шинэчлэлийн маш том ололт.

Оны өмнө  УИХ-аар “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг шинэчлэн батлагдсан талаар та онцолж байна. Энэ нь салбарын эрх зүйн орчинд томоохон өөрчлөлт авчирлаа?

-Энэхүү баримт бичиг нь Үндсэн хуулийн “Өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байна”, иргэн бүр батлан хамгаалах үүрэгтэй гэсэн үзэл санаанд тулгуурлаж хийгдсэн гэж ойлгож болно.  Улс орны батлан хамгаалах асуудлыг тогтолцоо талаас нь тодорхойлж нийгэм, эдийн засгийн, эрх зүйн, улс төрийн, цэргийн чиглэлүүдийг тодорхой гаргаж өгсөн. Мөн төрийн цэргийн байгуулалт гэдэг цэргийн стратегийн нэр томъёог гаргаж түүндээ Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Онцгой байдлын ерөнхий газруудыг багтаан авч үзсэн нь ихээхэн ач холбогдолтой болсон. Ингэснээр цэргийн байгууллагууд нь тодорхой болж, нэгдсэн төлөвлөлт, ажиллагаа нэг стандартанд орох болсон. Манай улсад байгаа олон хүчний байгууллагуудыг цэргийн, цэрэгжсэн, иргэдэд үйлчилгээ үзүүлэх зорилготой дүрэмт хувцас бүхий байгууллагууд гэж үзэж болохоор болсон. Батлан хамгаалах бодлогын баримт бичигт батлан хамгаалах төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, зэвсэглэл техникийн шинэчлэл хийх асуудлыг тухайн жилийн төсөвт суулгаж төлөвлөж байхыг төрийн бодлого болгож тавьсан нь ихээхэн чухал зүйл болсон. Улс орны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг болсон батлан хамгаалах үйл ажиллагааны тулгуур үндсийг орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан зэвсэгт хүчинд, нэгдсэн удирдлага төлөвлөлт бүхий дайчилгаа гэж тодорхойлж гаргаж өгсөн нь бодлого үйл ажиллагааны зааг ялгааг тогтоож, тодорхой эзэнжүүлж өгсөн гэж үзэж байна.

-Төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүнийг тодорхой зааж өгсөн тухайд?

-Төрийн цэргийн байгуулалтын бүрэлдэхүүн болох Зэвсэгт хүчний бүтцийг хуурай замын цэрэг, агаарын цэргээс бүрдэж, улс оронд хүнд хямралт нөхцөл байдал үүсвэл хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллага шууд бүтцэд нь орно гэж тодорхой зааж өгсөн. Энэ нь зэвсэгт хүчний байгуулалт түүний үйл ажиллагааны төлөвлөлт, бэлтгэл харилцан ажиллагааг тодорхой болгож өгсөн. Манай улсын иргэн бүрийн батлан хамгаалах бэлтгэлжилтийг хангах, өсвөр залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлж тэдний эрүүл мэнд, бие бялдарыг хөгжүүлж, тэсвэр хатуужил олгох зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт цэрэг эх оронч үзэл хүмүүжлийн хичээлийг суулгаж хэрэгжүүлэх зорилтыг бодлогоор дэвшүүлж тавьсан. Гадны улс орнуудын батлан хамгаалах бодлогын өөрчлөлт цаашдын хөгжлийн чиг  хандлагуудыг судалж, Агаарын  цэргийн хүчнийг бий болгох хөгжүүлэх томоохон зорилтыг мөн бодлогын баримт бичигт тусгасан. Эдгээр аюулгүй байдлын бодлого стратегийн зорилтуудыг ажил хэрэг болгохоор  манай салбарынхан бүтээлчээр ажиллаж байна. Эдгээр төслүүд маань цөөнгүй  парламент дамжиж байна. Ажлын хэсэг найман жилийн туршид дээрх хуулийн төсөлд ажилласан гэдгийг онцлох ёстой. Төслүүд батлагдсанаар цэргийн алба хаагчид албаа нэр төртэй хаах, зэвсэгт хүчин бусад төрлийн цэргийн байгууллагуудын цэргийн албан хаагчдийн нийгмийн асуудлыг шийдэх тал дээр түлхэц өгөх эрх зүйн орчин бүрдэнэ. Ийм л гол хуулиуд хэлэлцүүлгийн шатанд явж байна.

-Энэ парламентын хугацаанд амжиж батлагдах боломж байна уу?

-Амжина гэдэгт найдаж байна. Одоогийн байдлаар байнгын хороо, чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн шатанд яригдаж байгаа юм. Найман жил яригдаж, бэлтгэсэн энэ хуулиудад УИХ-ын гишүүд анхаарал хандуулна гэдэгт итгэлтэй байна. Салбартаа  тэр хэмжээгээр хүлээлттэй байгааг онцлох ёстой.

Т.ДАВААНЯМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж