-Татварын тогтолцоогоо эрүүлжүүлэх, оффшортой тэмцэх Олон талт эрх бүхий хэлэлцээрт Монгол Улс хараахан нэгдэн ороогүй байгаа юм-
Панамын оффшорын дуулиан дөжрөөд байсан дэлхий дахины чихийг нэг сайн хангинуулаад авав. Тэгвэл энэ их оффшор дансны хариуд дэлхий нийт ямар хариу арга хэмжээ авах бол гэсэн асуулт хэн бүхний санаанд бууж буй тул энэ талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Дэлхийн Эдийн засгийн хамтын ажиллагаа болон Хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ оффшор дансны цаана улс орны татвараас зугтаалгасан асар их мөнгө эргэлдэх болсны хор уршгаас сэрэмжлэн, 2014 оноос “Олон талт эрх бүхий хэлэлцээр”-ийг байгуулж эхэлжээ. Энэ нь ЭЗХАХБ-ын бүх гишүүн орныг болоод Их Хорийн гишүүн орны оффшор хяналтыг сайжруулах зорилготой хэлэлцээр юм. Хамгийн сүүлд энэ сарын 12-ны өдөр болсон ЭЗХАХБ-ийн чуулганаар Израиль болон ОХУ гарын үсэг зуран нэвтрэн орсноор өдгөө энэхүү хэлэлцээрийн доор нийт 82 улс орон нэгдээд байгаа аж. “Олон талт эрх бүхий хэлэлцээр” хэрхэн оффшорын эсрэг ажиллах вэ гэдэг нь их энгийн бөгөөд ухаалаг. Юу вэ гэвэл, 2017-2018 онд хэлэлцээрт нэгдэн орсон улсууд хоорондоо санхүүгийн бүх мэдээллээ хуваалцах юм. Дэлгэрэнгүй хэлвэл, бүх гишүүн орон өөрсдийн мэдээллээ ил тайлагнах хуваарьт хугацаа бий.
Татварын тогтолцоогоо эрүүлжүүлэхээр шийдсэн улс орны дунд Канад, АНУ, Хятад, Энэтхэг, ОХУ, Индонез, Өмнөд Солонгос, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс гээд нэрлэж болно. Гэсэн ч, одоогоор Монгол Улс энэхүү хэлэлцээрт нэгдэн орсон жагсаалтад байхгүй байгаа юм.
ЭЗХАХБ-ын Нарийн бичгийн дарга Анжел Гурриагийн сануулж буйгаар дэлхий улам л жижигхэн болж байгаагийн дээр шударга татвар төлөлтөд нэгдээгүй улс орнуудыг дуртайяа эгнээндээ нэгтгэхийг уриалсан байна.
Хэдий үүргээ гүйцэтгэж эхлээгүй байгаа ч энэ бол одоогийн байдлаар дэлхий дээр байгаа оффшорын эсрэг хамгийн том хяналтын систем юм. Үүний сацуугаар, ижил ашиг сонирхол зорилготой улс орнууд нэгдэн оффшорын эсрэг үйл ажиллагаагаа нэгтгэх явдлууд ч мөн адил хийгдэж байна.
Жишээ нь, өнгөрсөн долдугаар сард АНУ болон Энэтхэг улсууд Шинэ Дели хотноо мөн адил замаар санхүүгийн мэдээллүүдээ солилцох хамтарсан хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд энэхүү хэлэлцээрийн хэрэгжилт тухайн оныхоо аравдугаар сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлжээ. Хэрэгжилтийн үр дүн мэдээж сайн байгаа.
ЗАРИМ УЛС ОРНЫ ОФФШОРЫН ЭСРЭГ АВЧ БУЙ АРГА ХЭМЖЭЭ
Их Британи
Их Британийн хувьд Ерөнхий Сайд Дэвид Камерон мөн адил оффшор данстай байхыг үзэл суртлаараа эсэргүүцдэг нэгэн юм. Тэрээр өөрийн улсдаа орж ирэх ёстой бүхий л татварыг байх ёстой газраа л байх хэрэгтэй хэмээх үзлийг баримтлалдаг бөгөөд үүнээсээ болж гадны хөрөнгө оруулалтыг буруушаадаг байна. Их Британийн олон сая иргэн гадаадад данстай хөрөнгө оруулалтын сан зэрэг нэрийн дор оффшор хувьцаа эзэмшиж буйг улс орныг нь санхүүгийн хямралд хүргэх эрсдэлтэй зүйл хэмээн тооцдог байна. “Би тэднийг шүүмжилж байгаа юм биш” хэмээн яриагаа эхлүүлдэг байсан Ерөнхий Сайд Панамын материалууд дэлгэгдсэнээс хойш даруй арга хэмжээ авч чадалгүйгээр барахгүй хувьцаа эзэмшигч иргэдээ шүүмжилж байснаа хүлээн зөвшөөрчээ.
Учир нь, түүний эцгийн нэр дээр бүртгэлтэй байсан боловч 2010 онд зарагдсан Блэйрмор сангийн нийт 102,000 фунт стерлингээр хэмжигдэх хувьцааны талаарх мэдээлэл Панамын материалууд дотор тууж явсан юм. Дэвид Камероны тайлбарласнаар энэ сангийн бүхий л Англи хөрөнгө оруулагч нар бусадтай адилаар ном журмынх нь дагуу татвараа төлж ирсэн. Энэ бол тэр чигээрээ стандарт туршлага байсан төдийгүй татвараас зайлсхийх зорилго огтхон ч агуулаагүй хэмээх тайлбар хийжээ. Ингээд бүх зүйлийг хууль ёсны гэдгийг нотлохын тулд тэрээр сүүлийн зургаан жилийн татвар төлөлтийн тайлангаа дэлгэжээ.Хариуд нь тэрээр Засгийн гарын бусад сайд нар болон парламентийн гишүүдээ татвар төлөлтөө түүний адил тайлагнахыг үүрэгджээ.
ОХУ
2014 онд 400 Тэрбум ам. доллар хэмээн тогтоогдож байсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путингийн оффшор дахь мөнгө 2015 онд 40 тэрбум болтлоо агшиж байсан түүхтэй. Харин энэ жил түүний оффшор данс ердөө хоёр тэрбумаар үнэлэгджээ. Түүний хувьд оффшор дансны эсрэг хүчтэй байр сууриа илэрхийлж эхэлсээр бараг арван зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж буй нэгэн. Эргэн санавал, 2011 онд Ерөнхий Сайдаар ажиллаж байхдаа оффшорийн сүүдэрт мөнгөө хадгалуулсан бүхий л бизнесменүүдээ мөнгөө эргүүлэн татаж эх орондоо хадгалах санаачлага гаргаж байлаа. Тухайн үед энэ улсын уул уурхай, эрчим хүч, харилцаа холбоо болон үл хөдлөх зэрэг салбарын бүхий л томоохон компаниуд оффшор бүсэд данстай байжээ. Тийнхүү тэрээр оффшор бүсийг ашиглаж мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдсэн эрчим хүчний компаниудын удирдлагуудад шийтгэл хүлээлгэж байж. Энэ үед тэрээр Засгийн газрын хуралдааны үеэр дараах мэдэгдлийг хийж байв:
-Эрчим хүчний салбар дахь санхүүгийн урсгалыг шамшигдуулах нь тэвчишгүй үйлдэл юм. Энэ мэт “зэрлэг хувьчлал” бүхий оффшорын эринд цэг тавих цаг нь болжээ. Үгүй бол манай улс эрүүл бизнесийн орчинтой болж чадахгүйн дээр итгэл даахуйц байх талаар юу ч ярьж чадахгүй байдалд орно хэмээжээ. Ингээд Эрчим хүчний Сайд, Эдийн засгийн хөгжлийн яам болон аж үйлдвэрийн бүх агентлагийг хоёр сарын дотор төрийн хувь эзэмшдэг бүх компаниудыг шалгахыг даалгасан байна. Энэхүү шалгалтын явцад нийт 352 эрчим хүчний компаниуд шалгагдсан бөгөөд Кавказийн хойд бүс дэх компаниуд тэр чигтээ Кайтов хэмээх гэр бүлийн хяналтад үйл ажиллагаа явуулж буйг тогтоожээ. Мэдээж тэд энэ салбраас бүрмөсөн холдсон.