Бид яг тэдэн шиг нүд хужирласан музейтэй байж болно

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Бид яг тэдэн шиг нүд хужирласан музейтэй байж болно

-Бяцхан түүхийг ч баяжуулж чаддаг солонгосчууд элдэв музейгээрээ жуулчдын сонирхлыг татаж байна-

БНСУ багахан ч гэсэн үйл явдлаар түүх зохиож, хөгжүүлэн аялал жуулчлалын бүс, музей болгохдоо гаргууд юм. Жишээ нь, БНСУ-ын Гёнги аймгийн Сувон хотод байрлах хуучны уламжлалт тосгон. Ногоон төгөлд хучигдсан өндөр уул, сааралтан харагдах хөлгүй их далай, сараалжлуулан хуваасан будааны талбай өнгөрөөд Өмнөд Солонгосын уламжлалыг хадгалсан энгийн нэг хуучны байшинд хоолны газар байрлана. Цаас, модыг хослуулан барьсан солонгосын эртний байшин, гадна нь кимчи дардаг болов уу гэмээр гялтгар бор өнгийн шавар савнууд эгнээстэй.

Солонгосчуудын эртний хэв маягийг шингээсэн, байдаг л нэг хуучны тосгон мэт. Гэвч энэ нь жуулчдын маршрутад зайлшгүй багтаадаг, энэ байгаагаараа л музей болчихсон түүхт газар юм. Хөтөчийн тайлбарлаж буйгаар Солонгосын жүжигчин Bae Yong joon, бидний мэддэгээр Чань ву энэ газарт ирж хооллож байжээ. Жүжигчин залуу энд ирж хооллоод зогсохгүй санал хүсэлт бичиж үлдээсэн нь тус тосгоны жуулчдыг соронздох нэг төрлийн нэрийн хуудас болсон байна. Гэхдээ хоолны газрын хувьд ч өөрийн гэсэн түүхтэй аж.

Алс холоос гийчид ирсэнд баярласан гэрийн эзэгтэй, тогооч бидэнтэй хэсэг саатаж түүхээсээ хуучлав. Энэ хоолны газар 300 жилийн түүхтэй, нөхрийнх нь өвөг эцгээс уламжлагдан иржээ. Гэхдээ байшингийн загвар хийц, ахуй амьдрал, зан үйл, хоолны уламжлал, хийц нь 300 жилийн өмнөх шигээ, яг л тэр үеийн түүхийг хадгалсан гэв.

Тэрбээр “Би олон жилийн өмнө нөхөртэйгөө сууж, энд бэр болж ирсэн. Нөхрийн маань өвөг эцэг бидэнд нэг л зүйлийг захидаг байлаа. Хорвоо дэлхийд бүх юм хувьсан өөрчлөгдөж байна. Харин ганцхан л хувирахгүй зүйл нь хайр. Тиймээс уламжлалт гэсэн бүх зүйлээ чин сэтгэлээсээ хайрла, байгаль дэлхийгээ хайрла. Хоол хийх ногоогоо тарихдаа хүртэл хайрла. Ингэж гэмээнэ бүх юмс хувьсан өөрчлөгдөж буй энэ цагт байгаль дэлхий, уламжлалт ахуй, хоолны жор бүгдийг энэ хэвээр хадгалж үлдэж чадна гэж сургасан. Өвөө маань ухаантай хүн байсан тулдаа бид 300 жилийн өмнөх ахуй, хоол хийх арга барил, жороо тэр хэвээр нь хадгалж үлдэж чадсан” гэв. Тэдний энэ түүхийг сонирхон, уламжлалт амтыг мэдрэхээр ирсэн жүжигчин залуугийн айлчлал нь ч тус хоолны газрын түүхийг бас нэгэн үйл явдлаар баяжуулж, жуулчдын сонирхлыг татах болжээ.

Тэгвэл Монголд… Уламжлалт мал аж ахуйгаа эрхэлж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдарч, таван хошуу малаа өсгөн үржүүлж яваа малчин ард олон. Тэд бүгд үе удмаараа нутагласан газар, арвин их үүх түүхээр амьдралын хуудсаа баяжуулсан. Хэдий морь маландаа мотоцикль, унд усандаа Ланд хөлөглөж буй хэмээн шүүмжлүүлдэг ч малчин ардын уламжлалт ахуй тэр хэвээр хадгалагдсаар… Ингээд бодоход малчин ардын амьдрал жуулчдын хувьд тэр чигээр Монгол түмний музей юм.

Солонгосын Өмнөд далайн эрэгт жуулчдын маршрут чиглэсэн газар бол “Чон-донжин” цагны музей. Бүгд Найрамдах Солонгос Улсын түүхийг шингээсэн эртний, уламжлалт, хамгийн том, нарийн ур хийцтэй, эрх ямбатнуудаас эхлээд энгийн иргэдийн хэрэглэж байсан, “Титаник” хөлгөөс олдсон гээд цагны төрөлжсөн музейг байгуулжээ. Энд нарны, усан, тосон, лаан гээд хугацаа баримжаа авахад ашигласаар ирсэн олон төрлийн цагийг байрлуулжээ. Саванд тос хийж орхино. Тос уусч алга болох хэмжээгээр цагийг баримжаална. Мөн лаа асааж, сүүдрээр нь баримжаа авдаг эртний цаг ч бий. Сараалжилж, мушгиралдсан төмөр, мод, чулуугаар хийсэн сонирхолтой цагийг Солонгост эрт дээр үед түлхүү ашигладаг байжээ. Эргэлдсэн замаар бөмбөлөг тойрно. Бөмбөлөг нэг удаа тойроход 15 секунд өнгөрснөөр тооцоолдог ховор цаг ч энд бий. 4-6 мянган вонын тасалбартай, зөвхөн цагаар дагнасан энэ музей жуулчдын сонирхлыг ихээр татах болжээ.

Тэгвэл Монголд… Цаг агаар, уур амьсгалыг шинжиж явсаар цагийг нарийн тооцоолж, жилийг дөрвөн улиралд хуваасан байдаг. Түүгээр ч зогсохгүй зөвхөн монголчууд л мэдэх гэрийн наран цаг гээчийг ашиглаж ирсэн байдаг. Тооноор тусах нарны гэрлээр баримжаалсан цаг хугацааны хэмжүүрийг монгол гэрийн наран цаг гэнэ. Ингээд бодоход ганцхан цаг хугацааны тооцоолуур дээр л гэхэд монголчууд жуулчдад сонирхуулах, сурталчлах, бүр музей ч байгуулах хэмжээний түүхтэй мэт.

Мөн Монголын газар Монголын газар нутагт түүх соёл, монголчуудын байлдан дагуулал, эртний хаант улсыг гэрчлэх, дэлхийд хаана ч байхгүй олдворууд бүхэл бүтэн цогцолбороороо хадгалагдан үлдсэн байдаг хэмээн археологчид хэлдэг. Жишээ нь, Архангай аймгийн Их Тамир сумын нутагт 30 гаруй буган хөшөө, эд зүйлсийн цогцолбор бий. Мөн Архангай аймгийн Жаргалантын ам гэх газарт Монголын хамгийн том буган хөшөөний тахилын цогцолбор нэг дор байрладаг. 20 гаруй хөшөөтэй. Аялал жуулчлалын ерөнхий бүсээс холгүй оршдог. 

Хамгийн сүүлд л гэхэд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутгаас Түрэгийн үед холбогдох морьтой оршуулга олдсон билээ. Энэ нь Монголоос өөр оронд байхгүй, дэлхийд гайхагдах түүх соёлын үнэт олдвор юм. Үүгээр ч зогсохгүй Түрэгийн хоёрдугаар хаант улсын бүх хаад, ноёдын онгон, цогцолбор, гэрэлт хөшөө Монголын нутагт байрладаг хэмээн археологчид онцлов. Гагцхүү эдгээр цогцолборыг тордож, хөгжүүлээд ордон музей, үзмэр болгох тал дээр дутагдалтай байдаг аж. Нөгөө л дэд бүтэц муутай, зам харгуй бартаатай, үнэт олдворуудаа хүнд хүргэх хэмжээнд баяжуулж, солонгосчууд шиг бяцхан түүхийг ч хавагнуулан тордох сэтгэл дутсантай ч холбоотой мэт.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж