Ерөнхийлөгчийн хуулиуд: Ардчиллыг бататгах шигтгээнүүд

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн хуулиуд: Ардчиллыг бататгах шигтгээнүүд

Монгол улсад хууль санаачлагч гурван субъект бий. Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 1-д зааснаар “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ”. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бие даасан 428 хууль хэрэгжиж байгаагаас 300 орчим нь нийгмийн харилцааг идэвхитэй зохицуулдаг гэсэн судалгаа байдаг.

Хууль санаачлагч гурван субъектээс УИХ-ын гишүүд, Засгийн газар илүү идэвхтэй хууль санаачилдаг. Гэвч сүүлийн жилүүдэд гуравдагч субъект болох Ерөнхийлөгчийн зүгээс хуулийг идэвхтэй санаачилж байна. Монгол улс 1993 онд анхны Ерөнхийлөгчөө сонгож байснаас хойш эдүгээ дөрөв дэх Ерөнхийлөгчийн нүүрийг үзэж байна. Үе үеийн Ерөнхийлөгч нарын үйл ажиллагааг эргэн харахад хууль санаачлах эрхээ ханатал эзэлж буй нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.

Нэн ялангуяа Ерөнхийлөгчийн 2013 онд дэвшүүлсэн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгын хүрээнд Монголын засаглалын институцийг бэхжүүлэх, хариуцлагажуулах, шүүхийн шинэчлэл хийх, хувийн хэвшлийг дэмжих зорилго бүхий арав гаруй хуулийг төсөл санаачлан УИХ-д өргөн барихаа мэдэгдэж, харин эдгээр хуулийг баталж өгөхийг гуйж байсан. Амалсаныхаа дагуу хуулийн төслүүдээ УИХ-д өргөн барьж эхэлсэн. Эдгээрээс батлагдсан нь ч байна, батлагдаагүй УИХ-ын босгыг давалгүй бүдэрсэн нь ч байна. Тухайлбал, олны дунд давхар дээл нэрээр танигдсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашихыг хязгаарлах хуулийн төсөл. Энэ асуудлыг тусгайлсан хуулиар биш Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шийдэх ёстой гэсэн гишүүдийн үндэслэлээр буцаагдсан. Буцаагдсан энэхүү хуулийн төслөө Ерөнхийлөгч нөхцөл болзлыг арай зөөлрүүлэн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нэртэйгээр дахин УИХ-д өргөн бариад байгааг одоо ид хэлэлцэж байна. Хуулийн төслөөр Ерөнхий сайдаас гадна Гадаад хэрэг, Хууль зүй, Сангийн сайд нарыг л УИХ-ын гишүүдээс томилж болохоор тусгасан байгаа юм.

Үүнээс гадна Сонгогдсон болон томилсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, төрийн албаны тухай, Батлан хамгаалах тухай хуулийн төслүүд шийдлээ хүлээн гишүүдийн ширээн дээр байна. Харамсалтай нь УИХ-ын эрхэм 76 яг одоо яаж дахин сонгогдож, дараагийн дөрвөн жил эрх мэдлээ үргэлжлүүлэхээ бодохоос улс орны амин эрх ашигт нийцсэн хуулийг батлахыг яаравчлахгүй байгаа нь сүүлийн өдрүүдийн чуулганы “идэвх”-ээс харагдаж байна. Нэн ялангуяа Хариуцлагын тухай хууль бол улстөрчид, төрийн албан тушаалтнууд ёс зүйтэй, шударга, авлигаас ангид, хариуцлагатай байх хөрс суурийг бүрдүүлж өгөх нэн хэрэгтэй хуулийн төсөл.

Хууль батлах нэг хэрэг. Хэрэгжихгүй бол хэчнээн сайхан, хувьсгалын шинжтэй хууль байгаад ч хэрэггүй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулиудаас УИХ-ын босгыг давж олны таашаалд ихэд нийцэж байгаа нь Шилэн дансны тухай хууль юм. Татвар төлөгчдийн мөнгөөр бүрэлддэг төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж байгаа эсэхийг хянах үорилго бүхий энэ хууль төрийн олон байгууллага, төрийн албан тушаалтны дур зоргоороо үйлдлийг хязгаарлаж чадсан. Үндэсний Аудитын газар хэрэгжилтийг нь хянах үүрэгтэй. Гэвч энэ төрийн байгууллагаас гадна хууль хэрхэн мөрдөгдөж байгааг иргэд хянах нь илүү үр дүнтэй болохыг Цогоо гэдэг жиргээч нэрнийхээ урд “шилэн” тодотгол зүүтэл харуулж чадсан.

Ерөнхийлөгчийн хуулиудын нэг болох Нийтийн сонсголын тухай хуулийг парламент өнгөрсөн 2015 оны долдугаар сарын 8-ны өдөр баталсан. Энэ хуулийн дагуу төрийн байгууллага болон төрийн албан тушаалтан сонсгол хийх хэлбэрээр иргэдэд ажлаа үнэлүүлнэ гэж хялбарчлан ойлгож болно. Батлагдаад арван сар болж буй энэ хууль одоо хэрэгжилт шаардаж байна. Хуульд зааснаар УИХ-аас зохион байгуулах сонсголыг тухайн асуудлыг эрхэлсэн Байнгын, дэд, түр хороо, нутгийн өөрөө удирдах байгууллагаас зохион байгуулах сонсголыг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба, Засгийн газраас зохион байгуулах сонсголыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хариуцан явуулах бөгөөд бусад байгууллагаас зохион байгуулах сонсголыг Тамгын газар, түүнтэй адилтгах нэгж зохион байгуулах учиртай. Төр, иргэний хооронд амьд эргэх холбоо үүсгэх энэ сонсголыг зургаан төрлөөр явуулахаар хуульчилсан. Тухайлбал, хууль тогтоох; ерөнхий хяналтын; төсвийн хяналтын; томилгооны; захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн; орон нутгийн гэсэн.

Хараахан өргөн баригдаагүй байгаа хуулийн төслүүдээс Улс төрийн намын тухай хуулийг онцлохыг хүсч байна. Монгол улс олон намын тогтолцоо руу шилжээд 26 жил болж байгаа ч өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд бодит утгаараа биежин төлөвшиж чадахгүй, зарим тохиолдолд улс орны хөгжилд чөдөр тушаа болохоор ч байдал үүсээд байгаа нь олонд ил. Намуудын хөгжлийн Монголын хөгжлийн шинэ шаттай нийцүүлэх, шинэ шаардлага тавих зайлшгүй хэрэгцээ байгааг зохицуулах зорилго бүхий хуулийн төсөл боловсрогдоод байна. Намуудын санхүүжилт, хариуцлагын тухай шинэлэг заалтуудыг суулгаж өгсөн байгаа юм.

Ардчилал бол хуулийн засаглал. Хуулийн засаглалын сайн хууль, хэрэгтэй хууль, цаг үеэ олсон хууль хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгчийн хуулиуд хуулийн засаглалыг хэрэгжүүлж, ардчиллыг бататгах шигтгээнүүд юм.

А.ШАРАВ

ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж