ОХУ-ын эсрэг хориг ЕХ-нд илүү хүнд тусч байна

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

ОХУ-ын эсрэг хориг ЕХ-нд илүү хүнд тусч байна

ОХУ-ын эсрэг тавьсан хориг АНУ-тай харьцуулахад Европын холбооны эдийн засагт 10 дахин илүү хүнд тусч байна гэж үзэж байгаагаа Транс-Атлантын академийн гүйцэтгэх захирал, Маршалын сангийн германы шинжээч Стефан Сабо мэдэгдсэнийг РИА Новости дамжууллаа.

"Европын эдийн засгийн тогтолцоо их хохирол амсч байна. Жишээ нь, Европын холбооны ОХУ-тай хийх худалдааны эргэлт 2013 онд 326,5 тэрбум евро байсан бол 2015 онд 210 тэрбум болж буурчээ. Харин АНУ-ынх мөн хугацаанд 38,2 тэрбум ам.доллараас 23,6 тэрбум ам.доллар болж буурсан байна. Герман хэдийгээр ОХУ-ын эдийн засгийн том түнш байсан ч ОХУ-ын эсрэг барууны хоригийн санаачилгыг өөртөө хүлээсэн" хэмээн Маршалын сангийн цахим хуудсанд бичсэнийг эшилжээ.

Гэхдээ энэ алдагдал, хохирол нь хоригийг бууруулах эсвэл цуцлах шалтгаан болохгүй байгааг онцлоод хориг нь барууны орнуудын ОХУ-ын эсрэг эв санааны нэгдлийг харуулж байгааг онцолсон байна.

Гэсэн Европын холбооны гишүүн орнууд үүнтэй санал нийлэхгүй байна. Тухайлбал, Италийн Венец хотын орон нутгийн парламент ОХУ-ын эсрэг хоригийг, мөн Крымын арлын бие даасан байдлыг хүлээн зөвшөөрөх тухай авч хэлэлцэх гэж байна. Венецийн парламентын 51 гишүүний 25 нь Крымын асуудлыг санаачилсан аж. Эдгээр асуудлыг хэлэлцэх болсон шалтгаан нь хоригийн улмаас Европын холбооны хүлээж байгаа алдагдалтай холбоотой. Харин Италийн Гадаад хэргийн яам Венецийн санаачилга нь тус улсын байр суурь гэдгийг онцлон тэмдэглэлээ. Гэсэн ч Венецийн санаачилга хоригийг бууруулах ажлын эхлэл болохыг шинжээчид үгүйсгэхгүй байгаа юм.

ОХУ 2014 онд Украины мэдэлд байсан Крымын хойгийг өөртөө нэгтгэснийг АНУ болоод Европын холбоо эсэргүүцэн тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ аваад байгаа юм. ОХУ үүний хариу болгон АНУ болоод Европын холбооны улсуудаас импортолж байсан мах, хиам, загас, далайн бүтээгдэхүүн, жимс, ногоо, сүүн бүтээгдэхүүнд хориг тавьсан юм. Өнгөрсөн оны зургадугаар сард ОХУ-ын эсрэг хоригийг нэг жилээр сунгасан.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж