НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэх болжээ

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэх болжээ

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:

  • Олон нийтийн сүлжээнд азтан болсноо зарлаж, ГТЕГ-т хандсан хүний нэг  болох иргэн А.Цэенпил мэдээллийн сайтуудад хандан  “Намайг цагдаа нар шалгаж, ял онооно хэмээн айлгалаа” гэсэн утгатай ярилцлага өгчээ. НӨАТ-ын урамшууллын систем нэвтэрч, супер азтан тодруулснаас НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэх оролдлого мэр сэр гарах болжээ. Их хэмжээний мөнгөн дүн бүхий баримтыг хуурамчаар үйлдэхийг завдсан хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа юм байна. Гэвч НӨАТ-ын баримтыг хуурамчаар үйлдэж, тохируулах ямар ч боломжгүй гэдгийг НӨАТ-ын урамшууллын системийн мэдээлэл технологийн төвийн мэргэжилтнүүд баталж байна.

  • Нийслэлийн сонгуулийн хорооноос өчигдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, баталгаажуулснаа зарлалаа. Нийслэлийн Сонгуулийн Хороо хуулийн дагуу шаардлага хангасан гэж үзэн, нийт 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж, тогтоол гаргасан байна. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг зургадугаар сарын 07-нд олгоно.

  • Бурхан багшийн их дүйчин өдөр тавдугаар сарын 21-нд буюу ирэх бямба гаригт тохиох гэж байна. Энэ жилийн хувьд зөвхөн Улаанбаатар хотоос гадна дагуул хотуудад ч хүмүүнлэгийн аян, номын айлдварыг хийж эхэлжээ. Мөн энэ жил эрүүл мэндийн байгууллага, хүүхдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсийг олноор зохион байгуулахаар төлөвлөсөн хэмээн Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны ажилтан Ж.Одгарьд онцоллоо.

  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Сонгинохайрханд нэр дэвшинэ хэмээн хэвлэлүүд бичиж байгаа. Түүнд нэг тойрог өгөх нь тодорхой хэмээн намынхан нь ярьж байгаа ч өөрөө нэр дэвшихээс татгалзсан гэсэн мэдээлэл байна.

  • Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн түрүүч өчигдөр “Төрийн орон сууцны корпораци”-иас /ТОСК/ батламжаа гардан авлаа. Эдгээр иргэд түрээсийн орон сууцанд 200-280 мянган төгрөгийн төлбөр төлж, амьдрах юм. 

  • “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дөрвөн хүнийг Эрүүгийн цагдаагийн газраас БНХАУ-ын иргэнийг сүрдүүлж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэн, хорьжээ. Тодруулбал, "Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б, Б, Т, Б нар БНХАУ иргэн "Ж"-г хүч хэрэглэн заналхийлэн, сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэрэгт сэжиглэн ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хориод байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж