Өрсөлдөөн ихтэй Үндэсний лиг үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Өрсөлдөөн ихтэй Үндэсний лиг үргэлжилж байна

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Үндэсний лигийг тэргүүн, дэд гэсэн хоёр зэрэглэлтэй зохион байгуулж байна. Өнгөрсөн 2015 оны намар Үндэсний цомд өрсөлдөж хэсгээсээ шалгарсан баг тэргүүн зэрэглэлд багтаж байгаа бол хэсгээсээ шалгарч чадаагүй багууд дэд зэрэглэлд үлдсэн. Одоогоор багууд 4-6 тоглолт хийгээд байна.

Тэргүүн хэсэгт Архангай, Дархан, Орхон, Төв, Увс, Сүхбаатар, Хөвсгөл болон Өмнөговь аймгийн багууд багтсан. Эндээс Сүхбаатар аймаг 4 тоглолт хийснээс 100 хувийн амжилттай яваа бол Архангай 4 хожил, 1 хожигдолтой, Дархан 3 хожил, 2 хожигдолтой удаалж байна.

Дэд хэсэгт Баянхонгор, Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өвөрхангай, Дорноговь болон Завхан аймаг багтсан. Эндээс Сэлэнгэ 4 хожил, 1 хожигдолтой тэргүүлж байгаа бол Баянхонгор, Өвөрхангай 3 хожил, Ховд, Хэнтий 2 хожилтой удаалж байна. Завханы баг гурван тоглолт хийснээс нэг ч хожилгүйгээр хэсгийн сүүлд бичигдэж байна.

Өнөөдөр тэргүүн хэсгийн Орхон-Архангай, Дархан-Сүхбаатар аймаг, дэд хэсгийн Ховд-Завханы тоглолт болно.

ХУВААРЬ: /05.19 Спортын төв ордон/

  • 18:30 – Ховд – Завхан
  • 20:00 – Орхон – Архангай
  • 21:30 – Дархан – Сүхбаатар

Орон нутгийн залуусыг спортоор идэвхжүүлж, тухай аймгаас төрөн гарсан шилдэг тамирчдаар дамжуулан нутгийн нэрийг алдаршуулах, шинэ залуу тамирчдыг нээх зорилготойгоор тус тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа билээ. Харин тухайн аймгаас төрөн гарсан спорт, урлаг, бизнес зэрэг аль ч салбарын алдартнууд багийнхаа бүрэлдэхүүнд багтаж байгаа нь тэмцээний нэг онцлог юм. Тодруулбал, 2015 оны “Үндэсний аварга” Дархан-Уул аймгийн багт жүдо бөхийн олимпийн хүрэл, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, Увсад улсын аварга С.Мөнхбат, Өвөрхангайд улсын арслан Д.Ганхуяг, Ховдын багт улсын харцага Н.Батзаяа нарын бөхчүүд тоглож байна. Мөн Архангай аймгийн багт “ТВ Коктэйл” хамтлагийн жүжигчин Э.Цолмонбаатар, Хөвсгөл аймгийн багт дуучин, жүжигчин Л.Сөрөлт, залуу дуучин Д.Найдандорж, Сүхбаатар аймгийн багт “ТВ коктейл” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал болон Орхон аймгийн багт дуучин Б.Болд багтжээ.

Үндэсний цомын тэмцээн энэ сарын 30-д өндөрлөнө.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж