Алим модноосоо хол унадаггүй

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Алим модноосоо хол унадаггүй

Оросууд “Алим модноосоо хол унадаггүй” гэж ярьдаг. Энэ үгийг санагдуулах үйл явц улс төрийн намуудын гишүүдийн дунд ид өрнөж байна. ИЗНН-ын С.Дэмбэрэл, Б.Хүдэр-Ян, Эх орон намын Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар, МҮАН-ын Н.Батцэрэг, М.Сономпил нар Ардчилсан намаас, дөрвөн жил бие даагч гишүүн байсан Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нар, мөн МАХН-ын Д.Тэрбишдавга, Ч.Улаан нар Монгол Ардын намаас УИХ-д нэр дэвшихээр яригдаж байгаа юм. Улс төрийн  эрх ашиг,  намын төлөвшил, улс орны хөгжил талаасаа гарал үүсэл, үзэл бодол, зорилго чиглэл нэгтэй намууд нэгдэх, нийлэх хэлбэрээр сонгуульд оролцох нь зүй ёсны үзэгдэл.

Тиймээс сонгуулийн өмнө намаа солих хийгээд намаасаа гарах нь шинэ үзэгдэл биш, өмнө нь өчнөөн гардаг байсан. Угаасаа  улстөрд мөнхийн дайсан, мөнхийн нөхөр гэж байдаггүй, мөнхийн эрх ашиг л гэж бий.

Гэхдээ энд нэг ялгаа бий. Тодруулбал, С.Дэмбэрэл, Б.Эрдэнэбат, Н.Батцэрэг, М.Сономпил, Б.Хүдэр-Ян нар намаасаа урваж биш хоёр намын дунд яригдсан тохиролцоо,сонгуулийн тактик, цэнхэрүүдийн барьж байгаа бодлогын хүрээнд Ардчилсан намын нэр дээр дэвшиж байгаа. Тэгээд ч ИЗНН, МҮАН, Эх орон нам энэ удаагийн сонгуульд Ардчилсан намыг дэмжинэ гэдгээ аль эрт зарлачихсан. Энэ асуудлаа намын удирдах байгууллагынхаа хүрээнд ярилцаж шийдсэн шийдвэр.

Үндэс нэгтэй, үзэл бодол ижил намуудын хувьд ийм шийдвэр гаргасан нь тус, тусдаа явж хүчээ тарамдуулснаас илүү дээр хувилбар. Тэгээд ч энэ удаагийн сонгуульд жижиг намууд гарч ирэх боломж тун бага харагдаж байгаа. Хэрэв бүлэг байгуулах хэмжээнд хүмүүсээ гаргаж чадахгүй бол үзэл бодол ойролцоо том намаа дэмжиж ажилласан нь ерөнхийдөө зардал мөнгөө болсон ч, мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэхэд ч үүнээс өөр сайн хувилбар байхгүй гэсэн үг юм.

Тэгвэл МАН-д буцаж ороод удаагүй байгаа Д.Тэрбишдавга, Ч.Улаан  нарын хувьд  2012 онд Монгол Ардын намаас “урваж” Н.Энхбаярын намд элсч байсныг нь харуулах зураг хөрөг, мэдээ сэлт цахим архивт дүүрэн. Тэд МАХН-ын нэрээр эрх мэдэл, албан тушаалын аль өнгөтэйг авч байсан нь ч бас худлаа биш. МАХН-ын квотоор Шинэчлэлийн Засгийн газрын Шадар сайдаар Д.Тэрбишдавга, Сангийн сайдаар Ч.Улаан ажиллаж байсан билээ. Харин тэд  дөрвөн жилийн дараа эвийлж, хайрлаад байсан Н.Энхбаяраа ганцааранг нь үлдээгээд М.Энхболд руу урвасан нь хувийнхаа жижигхэн эрх ашгийн төлөө хийсэн сонголт гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй. Өмнө тэд иймэрхүү замаар “Уулын бугыг хараад унасан морио орхиж” байсан удаатай.

Ийнхүү сонгуулийн өмнө үсэрсэн цус, тасарсан махнуудаа нэгтгэхэд Ардчилсан нам ч, Монгол Ардын нам ч анхаарал багагүй хандуулав.

ИЗНН, МҮАН бол яалт ч үгүй  Ардчилсан намын үсэрсэн цус, тасарсан мах. Үндэс нэгтэй, үзэл бодол ижил намуудын хувьд ийм шийдвэр гаргасан нь тус, тусдаа явж хүчээ тарамдуулснаас илүү дээр хувилбар. Тэгээд ч энэ удаагийн сонгуульд жижиг намууд гарч ирэх боломж тун бага харагдаж байгаа. Хэрэв бүлэг байгуулах хэмжээнд хүмүүсээ гаргаж чадахгүй бол үзэл бодол ойролцоо том намаа дэмжиж ажилласан нь ерөнхийдөө зардал мөнгөө болсон ч, мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлэхэд ч үүнээс өөр сайн хувилбар байхгүй гэсэн үг юм.

Харин Н.Энхбаяртай гар барих гээд муухай чадуулсандаа өсөрхсөн үү, юутай ч МАН-ынхан МАХН-ыг улс төрийн шоглоом болгон үлдээхээр шийдсэн гэлтэй харагдаж байна.

Түүхийг сөхвөл, цэнхэрүүд нэгдэж, нягтарч чадсан үедээ сонгуульд амжилттай оролцож байжээ. Жишээлбэл, 1996 онд МоАН, МСДН, Монголын нэгдсэн нам гэх  ардчилсан үзэлтэй намууд “Ардчилсан холбоо” эвсэл, 2004 онд Ардчилсан нам, Эх орон, Иргэний зориг намууд хамтран “Эх орон-Ардчилал” эвслийг байгуулж, УИХ-ын  сонгуульд оролцсоноор тодорхой амжилтад хүрч байжээ. Харин эсрэгээрэээ ардчилсан үзэл бүхий намууд дан, дангаараа сонгуульд өрсөлдөж байсан үедээ сонгогчдынхоо саналыг хувааж хэн нь ч илүүрхэж чаддаггүйг 1992, 2000 оны УИХ-ын сонгуулийн дүнгээс харж болно. 2012 оны олон болсныг эс тооцвол Ардчилсан нам хэзээ ч дангаараа ялалт байгуулсан удаа өнгөрсөн 26 жилд алга.

Ямар ч байсан УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд ардчиллын төлөөх намууд нэгдэж, нягтарч чадсан нь сонгогчдынхоо саналыг хуваахгүй, хүч, хөрөнгөө тарамдуулахгүй гэсэн хамгийн зөв тактик. Хэдийгээр энэ нь Монголын улс төрд шинэ үзэгдэл биш ч, улс төр, эдийн засаг хямарсан энэ үед эв нэгдлээс илүү чухал нь юу билээ. Гэхдээ сонгуулийн дүн 2000 оных шиг үү, 2004 оных шиг гарах уу гэдгийг сар гаруйн хугацааны дараа харах болно.

 Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж