Байгалийн түүхийн музейн хувь заяа шийдэгдээгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Байгалийн түүхийн музейн хувь заяа шийдэгдээгүй байна

Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр актлагдаж, нурах аюултай барилгын жагсаалтад багтсан объектын нэг бол Байгалийн түүхийн музейн байр. Газар хөдлөх төдийд нурна гэсэн Онцгой байдлын газрын дүгнэлтийг үндэслэн, Мэргэжлийн хяналтын газраас музейн үйл ажиллагааг зогсоосон. Хаагдаад бараг гурван жил болохдоо Байгалийн түүхийн музейн захиргаа шинэ барилгаа хаанаас санхүүжилт олж, хэрхэн барих вэ гэдгээ тодорхой болгож чадаагүй л явна. Музей хаалгаа барих үед салбар яамнаас нь шууд 350 гаруй сая төгрөг гаргаж музейн шинэ барилгын зураг төслийг боловсруулж, батлуулсан байдаг. Долоон давхар өндөр, 15 мянган мкв талбайтай Ази тивдээ томд орох Байгалийн түүхийн музейн барилгыг барихад 24 тэрбум төгрөг шаардлагатай. Гэхдээ одоог хүртэл УИХ тус музейн барилгын санхүүжилтийг шийдэж өгөөгүй л байна. Музейн удирдлага, салбар яам нь зөвхөн улсын төсөв хараад суух биш, буцалтгүй тусламж үзүүлдэг олон төрлийн олон улсын байгууллагуудад хандсан ч одоогоор нааштай хариу илгээсэн газар алга. Мөн саяхнаас музейн захиргаа, БСШУЯ Гадаад хэргийн яамаар дамжуулан БНСУ-ын Засгийн газарт хандаж,  60 жилийн настай, хана нь энд тэндээ цуурч, шавар нь хагарсан барилгаа шинэчлүүлэх хүсэлтийг илгээжээ.

Өөр нэг хөндөх асуудал нь 1998  онд тус музейд ажиллаж байсан этгээд 230 мкв газартай түлээний амбаарыг өмчилж аван, газрыг эзэмших гэрчилгээг нийслэлийн тухайн үеийн удирдлагуудаар гаргуулан авчээ. Улмаар 2003 онд тэр амбаараа буулгаж, газар эзэмших гэрчилгээгээ сунгуулсан байна. Нэг жилийн дараа буюу 2004 онд 230 мкв газраа өөр иргэнд худалдсан байжээ. Энэ газрын асуудлыг тухайн үеийн музейн удирдлага тоолгүй орхисон байна. Олон улсад музейн барилга 1-2 давхар байдаг аж. Гэтэл Байгалийн түүхийн музейн захиргаа шинэ байраа газрын гачигдлаас болж долоон давхар байхаар зураг төслөө батлуулжээ.

Дэлхийд хэмжээгээрээ эхний тавд жагсдаг 582 килограммын жинтэй, үнэлбэл тэрбум төгрөг хүрэх солир зэрэг 1860-аад оноос өнөөг хүртэлх Монголын байгаль, ан амьтан, ургамал судлалыг илтгэх түүхэн үнэт үзмэрүүд Байгалийн түүхийн музейд бий.  Гэхдээ өнөөдөр долоон төрлийн 14 мянга гаруй үзмэр дэлгэгдэн тавих газар, барилгагүйгээс болж далд хадгалагдаж байна. Үзмэрийн хадгалалтад санаа зоволтгүй, олон улсын стандарт нийцсэн хайрцаг, саванд хийж савласан тухайгаа музейн захирал Н.Зоригтбаатар ярьсан юм. Гэхдээ тус музейн 14 мянган гаруй үзмэрийн 30 хувь нь элэгдэж, заавал шинэчлэх шаардлагатай болсон байна. Эдийн засгийн эргэлтэд дээрх үзмэрүүдийг оруулбал Байгалийн түүхийн музей жилдээ 160-180 сая төгрөгийн орлоготой ажилладаг. Энэ нь бусад долоон музейн нэг жилийн орлогыг нийлүүлсэн хэмжээний мөнгө болох нь ээ. Монголыг зорьсон жуулчдын хамгийн ихээр орохыг хүсдэг газар нь энэ музей гэнэ. Улмаар жилдээ дунджаар 60-120 мянган хүн Байгалийн  түүхийн музейн үзмэрийг сонирхдог байжээ.

Зураглаач Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж