Тавантолгойд “SGS” олборлолт явуулахгүй

Хуучирсан мэдээ: 2016.05.19-нд нийтлэгдсэн

Тавантолгойд “SGS” олборлолт явуулахгүй

-“Саусгоби сэндс” нь Тавантолгойн уурхай дээр өөрийн зардал, техник, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр хөрс хуулалт, овоолгын ажил хийх юм байна. Түүнээс олборлолтын ажил эрхлэхгүй гэж албаны хүн тодотгов-

Засгийн газрын Даваа гаригийн хуралдаанаар “Саусгоби сэндс”-ийн татварын өрийг барагдуулах асуудлыг хэлэлцэж, Шүүхийн шийдвэрийг үндэслэн  “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт 35.3 тэрбум төгрөгийн төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг нь бэлнээр буюу 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбумаар нь хувааж төлөхөөр, үлдэгдэл 20,2 тэрбум төгрөгийн өрийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Тавантолгойн  уурхай дээр өөрийн зардал, техник, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр хөрс хуулалт, овоолгын ажил хийлгүүлж барагдуулахаар шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл, “Саусгоби сэндс” компанид 400 гаруй орон нутгийн ажилчид ажилладаг ба Монголын хэвлэл мэдээлэл болон сошиалаар цацагдаад буй “Тавантолгой дээр хятадууд орлоо” гэх мэдээлэл бол худлаа гэдгийг албаны хүмүүс тодотгож байгаа юм. “Саусгоби сэндс” нь Тавантолгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг өөрөө бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Таван толгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй юм байна.

Ингэснээр улс хохирохгүй шүүхээс ногдуулсан төлбөрийг бүрэн хэмжээгээр  авахын зэрэгцээ тухайн компанийн үйл ажиллагааг ч зогсоохгүйгээр өр төлбөрийг эцэслэх боломж бүрдэж байна. Нөгөөтэйгүүр, тус компани Тавантолгойн орд дээр 50 хоног буюу сар гаруйн хугацаанд хөрс хуулалт болон овоолгын ажлыг  хийх бөгөөд Тавантолгойн орд дээр ажиллаж байгаа бусад оператор компаниудын үйл ажиллагааанд саад учруулахгүйгээр өрөө барагдуулахаар Сангийн яамтай тохиролцоод байгаа юм байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж