УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Хөдөө аж ахуйн халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.
Уг тогтоолд дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд:
1. “Халх гол” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байх;
2. “Халх гол” чөлөөт бүс олон улсын худалдааны хорио цээртэй мал, амьтны халдварт өвчнөөс ангид, эрүүл бүс байх;
3. “Халх гол” чөлөөт бүсэд тэг технологийг ашиглан тухайн бүс нутагт туршиж, баталгаажсан сортын үрээр тариалалт хийх;
4. “Халх гол” чөлөөт бүсэд үйлдвэрлэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах бүтээгдэхүүн байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн, генийн өөрчлөлтгүй байх;
5. “Халх гол” чөлөөт бүсэд мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн аялал жуулчлал эрхлэх хуулийн этгээд нь 51-ээс дээш Монголын талын оролцоотой байх;
6. “Халх гол” чөлөөт бүсэд ажиллах гадаадын иргэн, харьяалалгүй хүний тоо “Халх гол” чөлөөт бүсэд ажиллах Монгол Улсын иргэдийн 3 хувиас илүүгүй байхаар тус тус зааж өгсөн байна.
2015 онд 55.9 сая толгой мал тоологдсоноос баруун бүсэд 13.7 сая, хангайн бүсэд 20.5 сая, төвийн бүсэд 13.2 сая, зүүн бүсэд 8.2 сая мал байгаа юм.
Сүүлийн жилүүдэд мал, амьтны гоц халдварт өвчин улсын хэмжээнд тодорхой давтамжтай гарч байгаа нь хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, улмаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг экспортод гаргахад бэрхшээл учирч буй аж. Иймээс салбарын яам нь малыг эрүүлжүүлэхэд анхаарч буй юм байна.
2016 оны байдлаар ОХУ-д үхэр, хонь, адууны түүхий махыг тус улсын хойд мужууд руу, БНХАУ-д үхэр, хонь, ямааны түүхий махыг анх удаа экспортлох боломжтой болсон бөгөөд БНСВУ-д мөн гүн хөлдөөсөн хонь, ямааны мах экспортлох талаар зөвшилцсөн байна.
Монгол Улс газар зүйн байршлын давуу тал, бэлчээрийн мал аж ахуйн өв соёл, газар нутгийн нөөц, хөрсний үржил шим, дахин сэргээгдэх баялагт суурилсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг экспортын баримжаатайгаар бүсчлэн хөгжүүлэх нөхцөл, боломжийг ашиглах хэрэгтэй байгаа аж. Ялангуяа хөрш хоёр орны мах, махан бүтээгдэхүүний хэрэгцээ томоохон зах зээл болохоор байгаа юм байна. Тухайлбал, ОХУ 2014 онд 633.1 мянган тонн үхрийн мах, 9.7 мянган тонн хонь, ямааны махыг Бразил, Парагвай, Беларусь, Аргентин, Уругвай улсаас тус тус импортолсон байна. Харин 2014 онд БНХАУ-ын үхрийн махны импорт 297.2 мянган тонн, хонь, ямааны махны импорт 282.8 мянган тоннд хүрсэн байна. БНХАУ-ын махны импортын 42 хувийг Австрали, 34 хувийг Шинэ Зеланд, 16 хувийг Уругвай улс тус тус бүрдүүлжээ.
БНХАУ их хэмжээний мах тэр дундаа богийн мах Монгол Улсаас импортлон авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тухайлбал, БНХАУ-ын Махны холбоо 1 тэрбум ам.долларын үхэр, хонь, ямааны махыг 2018 он хүртэл импортлох талаар Монголын махны холбоотой гэрээ байгуулсан байна. Гэтэл манай улсын мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлаас хамааран БНХАУ-д зөвхөн баруун бүсийн 5 аймгаас л түүхий мах бэлтгэн экспортлох хязгаарлалттай тулгарчээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд мал, амьтны гоц халдварт өвчнөөс өндөр хэмжээнд урьдчилан сэргийлсэн, хорио цээрийн байнгын хяналтыг тогтоосон бүсүүдийг бүх бүс нутагт байгуулан экспортод чиглэсэн малын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэг цонхны бодлогыг бий болгох шаардлагатай гэж салбарын яам үзжээ. Цаашлаад уг бүс нутагт хөдөө аж ахуйн чиглэлээр хөрөнгө оруулалт татах, түүнийг баталгаажуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх зэргээр хөдөө аж ахуйг олон улсын зах зээлийн чиг баримжаатайгаар эрчимтэй хөгжүүлэх боломжтой хэмээн харж буй аж.
Иймээс дээрх тогтоолын төслийг Засгийн газар санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн юм байна.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай төсөл нь Газрын тухай хуультай хэр нийцэж байна вэ гэсэн асуудлыг хөндсөн. Үүнд салбарын сайд Р.Бурмаа “Уялдсан” гэсэн тайлбар хийсэн юм.
Мөн бүтээн байгуулалт нэрийн дор замбараагүй үйл ажиллагаа явагдахгүй олон талын судалгаа хийгдсэн гэдгийг ч тодотгосон юм.
Г.ДАРЬ