Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар БНСУ-д албан ёсны айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч айлчлалын эхэнд Эрх чөлөө,тусгаар тогтнол, шударга ёсны төлөө тэмцэгчдийн Төрийн хүндэтгэлийн цогцолборт цэцэг өргөн, Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Сөүл хотын дарга Пак Вон Сүн бараалхаж, Сөүл хотын Хүндэт иргэний батламж гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Энэ үеэр Пак Вон Сүн "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сөүлийн хүндэт иргэн болж байгаа нь энд хүрэлцэн ирсэн болон ирээгүй иргэд хүндэт иргэн боллоо" гэсэн үг гэдгийг хэлээд, уг ёслолын дараа Солонгост ажиллаж, амьдарч буй иргэд өөрт тулгарч буй бэрхшээл болоод санал, хүсэлтээ илэн далангүй хэлэхийг хүссэн юм. Ингээд БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав.
Цагаачлалын албаны гаргасан мэдээллээр энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар манай улсын 30 мянга 527 иргэн Өмнөд Солонгос улсад урт болон богино хугацаагаар байнга оршин сууж буй аж. Тэдний төлөөлөл болсон иргэдтэй өнөөдөр Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Сөүл хотын дарга Пак Вон Сүн, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар уулзаж, асуултад хариулсан юм. БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч буй иргэд тэдний хүүхдийн сурч боловсрох, харъяаллын асуудлаас гадна нийгмийн даатгалын асуудлыг голчлон хөндөж байв. Харин Өмнөд Солонгост суралцаж буй оюутнуудын төлөөлөл "Монголд сурч байгаа оюутнуудад тэтгэлэг олгодог. Харин гадаадад сурч буй оюутнуудад тийм боломж бий болгож болох уу" гэдгийг асууж байлаа. Ерөнхийлөгч дэлхийн шилдэг 20-д багтсан сургуульд суралцаж буй оюутнуудад Засгийн газраас тэтгэлэг олгодог журмыг санаачлан хэрэгжүүлж буйгаа дурьдаад, цаашид эхний шилдэг сургууль гэхээр босго өндөр байгаа учраас нэмэгдүүлж, 100-д хүргэх бодлого барьж, боломжийг эрэлхийлэхээ хэлсэн юм.
Өмнөд Солонгост ажиллаж, суралцаж буй иргэд өндөр чадвартай мэргэжил эзэмшиж, ажиллаж, сурсан ч Монголдоо очихоор цалин хангамж тааруу, ажлын байр хүрэлцээгүй байдаг нь гадаадад үргэлжлүүлэн ажиллахаас өөр аргагүйд хүрдэг тухай ярьж байв.
БНСУ-д буй монголчууд өөр нэгэн эрхээ эдлэх эрхгүй байгаа нь сонгуульд оролцох боломжгүй болсон явдал байв. УИХ-ын сонгуулийг можаритари тогтолцоогоор явуулдаг болсон учраас гадаадад амьдарч буй иргэд сонгууль өгөх боломжгүй болсон юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудалд "Цаашлаад аль болох пропорциональ тогтолцоо руу явбал гадаадад сурч, хөдөлмөрлөж буй иргэд сонгуульд оролцох боломжтой болно" гэдгийг дурьдаад, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжтой байгааг хэллээ. БНСУ-д амьдарч буй иргэд мөн дотооддоо нарийн тоног төхөөрөмжтэй, өндөр зэрэглэлийн эмнэлэг байгуулж, гадаадын эмнэлэгт бус дотооддоо хямд зардлаар эмчлүүлэх боломжийг бий болгох тал дээр анхаарч ажиллахыг зөвлөж байв.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар хийж буй албан ёсны айлчлалын эхний өдөр өндөрлөж байна. Харин маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийх бөгөөд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Ерөнхийлөгчид бараалхана. Түүнчлэн Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өгөх юм.