Алтанхуягийн балетийн наадмын тухай сэтгэл хөдөлгөсөн яриа хуучирч амжаагүй байхад Амартүвшингийн мөнгөн медаль бахархал, баярын нулимстай хамт араас нь залгалаа. Дөрвөн жилд нэг удаа болдог П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан сонгодог урлагийн ертөнцөд олимпод тооцогдон эрэмбэлэгддэг. Их театрын засварын улмаас өнгөрсөн жил болж чадаагүй тэмцээн энэ удаа таван жил завсарласын эцэст шилдгүүдээ тодруулсан билээ. ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин уралдааны мөнгөн медалийг хүртсэнээр Монголын сонгодог урлаг Олимпийн анхны медалиа энгэртээ зүүв.
1994 онд УГЖ П.Ганбат агсан энэхүү тэмцээний шагналт дөрөвдүгээр байрт шалгаран тэр үедээ мөн л бахархах сэтгэлийг хөдөлгөж байсан. Өмнө нь манай дуучид дандаа нэгдүгээр шатнаасаа хасагдаж байсан түүхтэй том тэмцээний төгсгөлийн шатанд шалгаран үлдсэн шилдэг дөрвөн дуучны нэг болно гэдэг том амжилт байсан нь гарцаагүй. Харин тэрбээр 1997 онд М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын тэмцээний гуравдугаар байрт шалгаран амжилтын түүхээ үргэлжлүүлсэн юм. Яг арван жилийн дараа ДБЭТ-ын гоцлооч А.Сайнбаяр түүний амжилтыг давтан, дэлхийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог уг уралдааны гуравдугаар байрт шалгарсан. Харин 2009 онд УГЖ С.Мөнгөнцэцэг М.Глинкийн тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан билээ.
Одоо Монголын сонгодог урлаг Олимпийн мөнгөн медальтай боллоо. Энэ удаагийн тэмцээний шилдэг эрэгтэй дөрвөн дуучны хоёр нь монгол байсан. Э.Амартүвшин, Ч.Энхтайван нар нэр хүндтэй тайзан дээр Монголынхоо далбааг өндрөөс өндөрт мандууллаа. Дараагийн тэмцээнээс Олимпийн аварга төрөх болтугай.