Иран АНУ-аас нөхөн төлбөр шаардав

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

Иран АНУ-аас нөхөн төлбөр шаардав

Ираны парламент 63 жилийн өмнө тус улсад эд материалын болон сэтгэл санааны хохирол учруулсан АНУ-аас нөхөн төлбөр шаардсан хууль баталжээ.

Мягмар гаригт Ираны парламентын чуулганаар баталсан уг хуулинд 1953 онд Ираны Ерөнхий сайд Мохаммед Мосаддыхийг огцруулсны төлөө, 1980-1988 оны Иран, Иракийн хоорондох дайнд АНУ Иракийг дэмжиж байсны төлөө мөн 1980-аад онд Ираны газрын тосны талбайг сүйтгэсний төлөө АНУ Иранд нөхөн төлбөр төлөх ёстой гэж заажээ.

Энэ хууль нь АНУ-ын Дээд шүүхээс өнгөрсөн сард гаргасан Ираныг зохион байгуулсан гэх халдлагаас болж царцсан  АНУ-ын иргэдийн хоёр тэрбум гаруй хөрөнгийг Иран төлөх ёстой гэдэг шийдвэрт өгч буй хариу ажээ.

1983 онд Леваны Бейрут хотод гарсан халдлагын үеэр амиа алдсан 241 хохирогчдын ар гэрийнхэн  2001 онд АНУ-ын шүүхэд Ираныг энэ хэрэгт буруутай гэж шүүхэд өгсөн. Түүнээс хоёр жилийн дараа АНУ-ын Холбооны шүүх уг халдлагыг алан хядах Хезболлах бүлэглэл Ираны Засгийн газрын захиалгаар зохион байгуулсан гэж ялласан юм.

Харин Ираны Засгийн газар энэ халдлагад Иран ямар ч хамаагүй гэж мэдэгдсэн.

АНУ-ыг Иранд нөхөн төлбөр төлөх ёстойг заасан хуулийн төслийг Ираны парламентын 174 гишүүн зөвшөөрч, долоо нь түдгэлзсэнээр хуулийн төслийг баталжээ. “Тегеран таймс”-ын мэдээлснээр Ираны шүүх АНУ-ыг 63 жилийн өмнөх хэргийн төлөө тус улсад 50 тэрбум ам.доллар нөхөн төлөх ёстой гэдэг шийдвэр гаргасан гэнэ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж