Байнгын хороод хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

Байнгын хороод хуралдаж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Б” танхимд, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд тус бүр үргэлжилж байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Батлан хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дуусган, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Одоо тус байнгын хороогоор Зэвсэгт хүчний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Ирц сонирхуулбал, хуралдааныг тус байнгын хорооны дарга М.Сономпил удирдаж, УИХ-ын гишүүн С.Оюун, Л.Цог, Д.Дэмбэрэл, Ж.Энхбаяр, Б.Болор, Р.Амаржаргал, Л.Болд, Ц.Цолмон, Д.Бат-Эрдэнэ, Г.Батхүү, Ц.Баярсайхан нар оролцож байгаа бол УИХ-ын гишүүн Н.Энхболд ирээгүй байгаа юм. Гэхдээ хуулийн төсөлтэй холбогдуулан санал хураах үед Н.Энхболд дэмжсэн гэдэг кноп дарагдаж байгаа юм.

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Малын генетик нөөцийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуралдааныг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг удирдаж, С.Оюун, Р.Бурмаа, Ц.Оюунгэрэл, Ж.Батзандан, Су.Батболд нар оролцож байна. Онцлоход, С.Оюун гишүүн дээрх байнгын хороонд хоёуланд нь харьяалагддаг ч энэ өдөр хуралдааны цаг нь давхацсан учраас аль алинд нь суухыг хичээн дунд нь “явж” байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогдсон байсан ч хойшилсон. Одоог хүртэл өнөөдөртөө багтан хуралдах эсэх тодорхойгүй байна.

Тус байнгын хороогоор Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж