“Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

“Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэв

Дэлхийн музейн өдрийг тохиолдуулан Монгол улсын Үндэсний ном санд номонд зориулсан дэлхийд цор ганц “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол боллоо. Энэхүү гэрэлт хөшөө нь Дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол Данжуурын 226 боть номыг 1928 онд Монгол улсын нийслэлд залж авч ирсэнд зориулж босгосон хөшөө ажээ.

“Данжуурын гэрэлт хөшөө”-ний талаар Г.Аким гуай тайлбарласан юм.

Өвөг дээдсээсээ өвлөгдөн ирсэн монгол шунхан данжуурыг Өвөрмонголын Сайн ноён хан аймгийн Сэцэн чин ван Наянт гэртээ залж байсан гэдэг. Тэрхүү монгол Данжуурыг Судар бичгийн хүрээлэнгийн дарга С.Жамъян гүн Наянт вантай “Данжуур”-ыг монголд хадгалах гэрээ байгуулсан байна. Тэрээр 226 боть шунхан данжуурыг 1924 онд 81 цагаан тэмээнд ачиж, Монголдоо авч ирсэн түүхтэй ажээ.

Ийн Судар бичгийн хүрээлэнгийн дарга С.Жамъян гүн “Чөтгөр” хэмээх Н.Дэндэвтэй тохиролцож, “Монгол Данжуур”-т зориулсан гэрэлт хөшөөг 1928 оноос эхлэн 27 жил урласан гэдэг. Хөшөөг сийлсэн Н.Дэндэв 37 насандаа энэхүү хөшөөг бүтээж эхэлсэн бөгөөд 67 үсэг дутуу байхад нь  Дотоод яамны ногоон малгайтнууд түүнийг шоронд 10 жил хорьсон аж. Тэрээр шоронгоос гарсны дараагаар 68 насандаа дутуу үсгээ гүйцээж сийлсэн байна.

Гэрэлт хөшөө нь 71 см урт, 38 см өргөн, 248 см өндөр уг хөшөөний зүүн дээд хэсэгт Сэцэн чин ван Наянтын тамга, баруун дээд талд Ардыг гэгээрүүлэх яамны тамгыг урлажээ. Суурь, оройн хэсгийн хээ угалзыг 13 см хүртэл гүн сийлж, ард нь “Дэндэв урлав, 1929 он” хэмээн бичжээ.

Мөн энэ үеэр Их зохиолч Д.Нацагдоржийн Герман улсад явж байхдаа бичсэн аяны тэмдэглэл, зохиолч, яруу найрагч “Чингис хаан” одонт Г.Мэнд-Ооёо, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Ж.Саруулбуян зэрэг алдартай олон уран бүтээлчдийн гарын үсэгтэй номын үзэсгэлэн өнөөдөр /05.18/ Улсын үндэсний төв номын санд дэлгэгдлээ.

Зохиолч Г.Мэнд-Ооёо “Үзэсгэлэнд миний 21 ном дэлгэгдсэн байна. Номыг бие биедээ бэлэглэдэг соёл дэлхий дахинаа түгжээ. Алдартай зохиолч Ч.Галсаны “Тэнгэрийн зүүд” зохиогчийн гарын үсэгтэй ном байна. Номынхоо нүүрэн дээр испани хэлээр захидал бичсэн Испанийн суут яруу найрагч Хусто Хорхе Падроны гарын үсэгтэй ном ч байна. Миний номын сангийн тал хувь нь бэлгэнд авсан, дурсгалын үгтэй ном бий” гэв.

Зохиолч Б.Баастын “Ганц хонгор азарга”, зохиолч Д.Нямаагийн “Захидал бүхэн хариутай” зэрэг Монголын үндэсний төв номын сангийн архивт хадгалагддаг 500 гаруй зохиогчийн гарын үсэгтэй номыг үзэсгэлэнгийн үеэр сонирхуулав.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж