Нар асгарч, буйлс цэцэглэсэн сайхан өдрүүд ирлээ. Нялх ногоо соёолж, зуны уур орсон энэ өдрүүдэд мод, бут тарих, зүлэг ногоогоо арчлах их ажил нийслэлд өрнөдөг. Олон тэрбумыг залгисан хэрэгт унасан нэг наст цэцгүүд ч энэ л үед хаа нэгтээ хүлэмжинд соёолж байгаа. Хотоо ногооруулж гоёх нь мэдээж хэн бүхэнд таалагддаг. Харин жилийн жилд чамгүй хэмжээний хөрөнгө мөнгө үрэн байж тарьсан мод, бут маань ургаж байна уу гэдэг нь өөр асуудал юм.
Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласнаас хойш зургаан жил өнгөрч байна. Энэ хугацаанд тарьсан суулгацын тоо есөн саяд хүрч, 70 хувь нь ургасныг албаныхан онцолжээ. Улс даяар ийм олон сая мод суулгасан юм бол ургаж найгасан ой нь хаана байна гэж нэхэх хүн олон байна. Нийслэлд л гэхэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр тоймтой ургасан мод бут алга. Энд тэнд цөөн тоогоор тарьж ургуулсныг үгүйсгэхгүй ч цэцэрлэг хэлбэрээр цэгцтэй тарьсан бол хот дотроо ой ургуулчихаар хугацаа өнгөрчээ.
Мод тарих нь моод хөөхийн нэр биш. Мод суулгаснаар хот ногоорохгүй гэдгийг олон жилийн гашуун туршлага харуулчихлаа. Арчилгаа, бас дахин арчилгаа гэсэн уриаг цэцэрлэгчид хэлдэг юм билээ. Ногоон алаг малгай, хүрмээр ижилдэн гоёсон мэргэжлийн цэцэрлэгчид хотын төв гудамжуудад ажилладаг болсон нь Баатар хотын даргын бас нэг гавьяа гэж болно. Хэдхээн жилийн өмнө хотын хэмжээнд ганцхан дендрологичтой байсан. Тэр хүн юу хийдгийг, дендрологич гэж ямар мэргэжил болохыг хүмүүс огт мэддэггүй байв. Харин одоо л хэлэхэд хэцүү гадаад нэртэй мэргэжилтнүүд тасалгаанд ширээний ард суух бус гадаа цэцэрлэг дотор ажиллах ёстойг ойлгож байх шиг. Мэргэжлийн цэцэрлэгчид мэдээж ном дүрмийн дагуу тарьж, суулгаж, арчилж ургуулж байгаа биз. Харин хотоо гоёхсон гэсэн цалгисан сэтгэлээс өөр мэдлэггүй эгэл иргэд бид хэрхэх ёстой вэ. Мод тарих нь хүүхэд бөөцийлөхөөс ялгаагүй гэдгийг ноднин жил Бээжингийн гудамжинд суулгасан манцуйтай моддоос хальт ойлгосон ч амьдралд хэрэгжүүлж чадахгүй байгаад хэргийн учир оршиж байна.
Мод тарихыг моод хөөхтэй ижилсгэн боддог хүмүүс олонх байгаа нь манай сайтын санал асуулгаас харагдаж байна. “Та тарьж байсан уу. Тарьсан бол түүнийгээ эргэж арчилдаг уу” гэсэн санал асуулгад одоогийн байдлаар 2560 хүн оролцоод байгаагийн яг тал хувь нь “Мод тарьж байсан. Ургасан эсэхийг нь эргэж хараагүй” гэж хариулжээ. Харин мод огт тариагүй болон тарьсан модоо эргэж арчилдаг хүмүүсийн тоо бараг тэнцүү 25 хувьтай гарч. Эндээс монгол хүмүүс модыг ургуулах гэж биш зүгээр л хавар, намарт хийх ёстой ажил гэж үзсэндээ л тарьж суулгадаг нь харагдаж байна.
Сонгуулийн жил болоод ч тэр үү улстөрчид олноороо суулгац мод руу хошуурч байна. Ганган костюмтай дарга нар цагаан бээлийтэй гартаа хүрз, зээтүү барин мод тарьж байгаа нь нэг л дүйгүй. Мод тарих нь дарга, эрх мэдэлтнүүдийн имиджээ өсгөх реклам төдий хэрэг биш болохоор тарьсан модыг нь хэн арчлах, ариглах ёстой вэ гэдгийг эхлээд шийдэх хэрэгтэй санагдана. Ургах эсэх нь надад хамаагүй гээд тариад орхих юм бол ингэж хэлбэрдэхийн хэрэг ч алга. Учир нь мод бут болгон амьтай. Ном бүтээж, мод тарьж буян үйлдэх гэсэн биш харин ч амь тасалсан бузар хэрэгт унаж мэдэх нь. Бидний хямдхаан үнээр худалдаж аваад хэлбэрдэж тарьсан тэр төө хэртэй бяцхан суулгацыг ургуулах гэж 2-3 жилийн хөдөлмөр шингэснийг бодсон ч дүр эсгэсэн мод тарилтаас татгалзахаас аргагүй нь.
Мод тарихыг моод хөөхтэй ижилсгэн боддог хүмүүс олонх байгаа нь манай сайтын санал асуулгаас харагдаж байна. “Та тарьж байсан уу. Тарьсан бол түүнийгээ эргэж арчилдаг уу” гэсэн санал асуулгад одоогийн байдлаар 2560 хүн оролцоод байгаагийн яг тал хувь нь “Мод тарьж байсан. Ургасан эсэхийг нь эргэж хараагүй” гэж хариулжээ. Харин мод огт тариагүй болон тарьсан модоо эргэж арчилдаг хүмүүсийн тоо бараг тэнцүү 25 хувьтай гарч. Эндээс монгол хүмүүс модыг ургуулах гэж биш зүгээр л хавар, намарт хийх ёстой ажил гэж үзсэндээ л тарьж суулгадаг нь харагдаж байна.
Ингэхэд бид юун дээр алдаад байна вэ. Монгол орны хувьд жилийн дөрвөн улиралдаа их хэмжээний хуурайшилтай байдаг нь нялх моддын төлжилтөд хамгийн том эрсдэл дагуулдаг ажээ. Манай улсад хамгийн сайн ургаж байгаа мод нь шинэс гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Нийслэлийн гудамжинд хамгийн түгээмэл тааралддаг улиас мод хамгийн хурдан ургалттай ч хөвөн хийсгэж, харшил түгээдгийг хүн бүр мэднэ. Мөн шар хуайс гэх бутлаг гоёлын ургамал нь хавар, зундаа сайхан цэцэг ургадаг ч цэцгийг нь даган хортон шавьж олноороо үүрлэж, хурц үнэр нь харшил үүсэх, сэдрэх шалтаг болдог ажээ. Энэ мэтчилэн мод болгонд сайн муу үр дагавар бий гэнэ. Ямар модыг ямар хөрсөнд, хэрхэн суулгах тухай бүхэл бүтэн шинжлэх ухаан байдаг ч түүнийг судалсан хүн монголчууд дунд олонгүй. Бүгдээрээ судлах албагүй. Гэхдээ судалж мэдсэн хүмүүсийн зөвлөгөөг заавал сонсож, түүнийхээ дараа мод тарих эсэхээ шийддэг болох сон. Нэгэнт мод тарьсан бол түүнийгээ ургуулдаг жишиг тогтооё. Бүх модыг бүртгэлжүүлж, чип зүүх тухай яриа гарч эхэлсэн байна лээ. Тэр мундаг ухаалаг системээ байг гэхэд арчилж ургуулж болох газартаа л мод тарьж заншъя. Гэрийнхээ гадаа, байгууллагынхаа үүдэнд.
Тиймгүйгээс бидний тарьсан олон сая мод ор сураггүй болчихоод байна бус уу. Уг нь одоо мөрдөж байгаа технологиор бол ойт хээрийн бүсэд нэг га талбайд 2-3 настай 2500-3000 ширхэг тарьц суулгахад ой болон найгах боломжтой ажээ. Харин говь, тал хээрийн бүсэд ойн зурвас байгуулахад навчит модны 2-4 настай суулгац 600 ширхэг байхад л хангалттай гэнэ. Гэтэл бид сүүлийн зургаан жилд есийн есөн сая мод суулгачихаад байгаа. Ой бүү хэл төгөлтэй ч болоогүйн буруутан нь та бид өөрсдөө юм биш үү.