Бараги Ёнзон Дамцагдорж буюу Барин хувилгааны “Намтар бүтээл судлал” эрдэм шинжилгээний хурлын талаар Монголын бурхан шашны дээд сургуулийн лам нар өнөөдөр /05.18/ мэдээлэл хийлээ. Энэхүү хурал Монголын бурхан шашны дээд сургуулийн байранд энэ сарын 20-ны өдөр болох гэнэ. Уг эрдэм шинжилгээний хуралд Барин ламын намтар бүтээлүүдийн тухай 10 эрдэмтэн, судлаач илтгэл тавих юм байна.
Гандантэгчэнлин хийд Дашчойнпэл дацангийн шунлайв, гавж С.Гантөмөр “Энэ хүн монголын ард түмэнд төдийгүй Түвдэд их алдартай. Түвдийн дөрөвдүгээр Банчин богдин багш Лувсанданзан тэргүүтэй ихэс дээдэс лам нар түүний шавь байсан гэж үздэг. Түүний зохиол бүтээл буддын шашин, анагаах ухаан, зурхай ухаанд өргөнөөр ашиглагддаг. Хагмийн ховорт тооцогддог нь морины Дамдинёнсон бурханы зан үйлийн тухай ном ховорт тооцогддог. Одоо дээдэс лам нар энэ бүтээлийг нь баримталдаг” гэв.
Барин лам буюу Брагри Ёнзон Дамцагдорж хувилгааны намтар, уран бүтээлийн талаар өмнө нь 2001, 2011 онуудад эрдэм шинжилгээний хурал хийж байсан. Энэ жил түүний 235 жилийн ой тохиож буй ажээ.
Түүний дөрөвдүгээр дүрийг наймдугаар сарын 11-ний өдөр Дундговь аймагт ширээнд нь залах ёслолыг угтан энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Барин ламын дөрөвдүгээр дүрийг Дээрхийн гэгээн далай лам, Есдүгээр Богд нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодруулж, одоо Энэтхэгийн Сэра дацанд суралцаж байна.
1781 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт Улаан хошуу гэдэг газар Цэвээндашийн гэрт мэндэлжээ.
Тэрээр нийт 23 боть сүнбүм 763 ном зохиол туурвисан нь Буддын гүн ухаан, анагаах ухаан, түүх намтар, бурхадыг бясалган бүтээх арга, хурлын зан үйл, сүм хийдийн жаяг дэглэм, уул овооны сан тахилга, хурлын уншлагын зан үйл, тарнийн гүн ухаан, олон бурхадыг бясалган бүтээх арга, тарнийн номын хөтөлбөрүүд зэрэг чиглэлүүдээр ном бүтээлээ туурвисан байна.
А.ЦЭЭСҮРЭН