Яг нэг жилийн өмнө Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди Монголд албан ёсны айлчлал хийхдээ нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл өгөхөө мэдэгдсэн юм. Тэрбээр Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлж, энэ их мөнгийг хөнгөлөлттэй зээл болгон өгөхөө илэрхийлсэн ч үүнийг дагасан хардлага ч улс төр, эдийн засгийн хүрээнд их байлаа.
Монгол Улсад мөнгө маш их хэрэгтэй байгаа. Эдийн засгаа төгөлдөршүүлж, солонгоруулахад гадаад, дотоодын зээл тусламж, хөрөнгө оруулалт нэн чухал байна. Хятадын удирдагч Си Жиньпиний амалсан нэг тэрбум долларыг Монгол Улс Эгийн голын цахилгаан станцын төсөлд зарцуулахаар төлөвлөж буй юм. Тэгвэл Модигийн өгөх мөнгөөр Монгол юу хийх вэ. Энэ асуулт эдийн засгийн хүрээнийхний сонирхлын төвд байна.
Ямар ч байсан амласан амлалтынхаа мөрөөр ноён Моди монголчуудад нэг тэрбум долларын хөнгөлөлттэй зээл өгөхөөр болсон бөгөөд харин Монгол Улс тэрхүү мөнгийг чухамд юунд зарцуулахаа одоогоор шийдээгүй байгаа аж.
Засгийн газрын даваа гаригийн хуралдаанаар энэ асуудлыг ярилцаж, манай Засгийн газар болон Энэтхэгийн Экспорт-Импортын банк хооронд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна.
Зээлийн гэрээний ерөнхий нөхцөлийг сонирхуулбал, нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл нь 20 хүртэлх жилийн хугацаатай, жилийн 1.75 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс тав жил чөлөөлөгдөхөөр тохиролцсон байна. Мөн нэмэлт нөхцөл буюу дэд бүтцийн 200 сая ам.доллараас дээш, стратегийн ач холбогдол бүхий 100 сая ам.доллараас дээш өртөгтэй төслийн нөхцөлийг 25 жилийн хугацаатай, 1.75 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс долоон жил чөлөөлөгдөхөөр тохиролцжээ.
Ноён Модигийн мөнгө Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал болсон бөгөөд харин монголчууд уг мөнгийг зөв, зүйтэй зарцуулаасай гэж найдъя.
БНЭУ-аас нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээхээр болсонтой холбогдуулан уг эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг сонгон санал боловсруулах ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдан ажиллаж байна.
Эх сурвалжаас авсан мэдээгээр ноён Модигийн мөнгийг Монгол Улс дэд бүтцээ хөгжүүлэх мэдээллийн технологи, боловсролын салбарыг сайжруулахад зарцуулахаар төлөвлөөд байгаа гэнэ. Экзим банкны төлөөлөгчийн ярьснаар бол энэ нэг тэрбум долларын зээлийн ихэнх нь дэд бүтцийн салбарт зарцуулагдах төлөвтэй байгаа мэдээлжээ.
Энэтхэгийн эдийн засаг дэлхийд аравт, худалдан авалтынхаа чадвараар гуравт жагсч байгаа бөгөөд G20-ын нэг. Тус улсын эдийн засгийн ерөнхий төлөв болон ноён Модигийн авч байгаа арга хэмжээг HS Economics & Country Risk группийн Ази Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Ражив Бисвас “ Энэтхэгийн эдийн засгийн оричнг харьцангуй өөдрөгөөр төсөөлж байна. Эдийн засгаа нөхөн сэргээх шатдараалсан арга хэмжээнүүдийнхээ дүнд ДНБ-ий өсөлт нь 7.3% байсан бол энэ жил 7.6%-д хүрэх төлөвтэй байна.
Газрын тос болон хийн үнийг уналтаас Энэтхэг илүү ашиг хүртэж байгаагийн зэрэгцээ инфляцийн дарамтаасаа ангижирч байна. Мөн Модигийн Засгийн газар дэд бүтэцийн салбартаа гадаадын шууд хөрөнгө оруулалт татах тал дээр тун амжилттай ажиллаж буй” хэмээн дүгнэжээ.
Ийнхүү ноён Модигийн мөнгө Монголд орж ирэх нь цаг хугацааны асуудал болсон бөгөөд харин монголчууд уг мөнгийг зөв, зүйтэй зарцуулаасай гэж найдъя.
Б.ХОНГОР