"БЭЭЖИН-2008" зуны олимпийн наадамд оролцсон 12 орны 31 тамирчны допингийн шинжилгээний дээжээс асуудал илэрсэн тухай Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ өнөөдөр зарлалаа.
ОУОХ Бээжингийн олимпийн наадмын үеэр авсан допингийн шижилгээний дээжээс 454-ийг сонгон, Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Олон улсын спорт холбоодтой хамтран шинжилгээ хийжээ. Энэ асуудлаар хуралдсан ОУОХ-ны Хорооны гүйцэтгэх хорооны хурал дээр тус байгууллагын ерөнхийлөгч Томас Бах "Энэ бүхнийг бид шударга бусаар өрсөлддөг тамирчдын эсрэг авч байна. Бид ийм аргаар амжилтад хүрэхийг зөвшөөрөхгүй. Тэдэнд медаль өгөхгүй. Удахгүй СОЧИ-2014 олимпийн наадмын шинжилгээг давтаж хийнэ. Үнэнч шударгаар өрсөлдөж байгаа тамирчдын төлөө, тэднийг хамгаалахын тулд бид чадах бүхнээ хийнэ. Допинг хэрэглэснээ хэн ч нуух боломжгүй. Учир нь тамирчдын сорьцыг арван жил хадгалдаг" хэмээн мэдэгджээ.
Спортын зургаан төрөлд явуулсан ДАВТАН ШИНЖИЛГЭЭ-нд 12 орны 31 тамирчин бүдэрсэн байна. Эдгээр тамирчдыг энэ зун Бразилийн Рио-де-Жанейро хотод болох 31-р олимпийн наадамд оролцох эрхийг нь хасах тухай яригдсан ба асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлэхийг Гүйцэтгэх хорооны гишүүд зөвшөөрчээ. Түүнчлэн эл үйл явдлаас үүдэлтэйгээр Бээжин, Лондонгийн олимпийн медальтнуудын сорьцыг бүгдийг нь давтан шинжилгээнд оролцуулах асуудлыг ОУОХ хөндөж эхлээд байна.
2008 оны Бээжингийн олимпийн наадмын тамирчдын сэргээшийн шинжилгээний дээжийг Швейцарийн Лозанна хотын лабораторид хадгалж байсан юм.
Тамирчид допинг хэрэглэсэн нь тогтоогдсон, түүнийг нуун дарагдуулсан гэх мэт хэргүүд ар араасаа гарч байгаад ОУОХ нухацтай хандаж байгаа. Тийм ч учраас тун удахгүй ЛОНДОН-2012 олимпийн наадамд оролцсон 250 тамирчны сэргээшийн давтан шилжилгээний хариуг мэдээлэхээр бэлтгэж байгаа ажээ.
Өмнөх олимпийн наадмын үеэр авсан допингийн шинжилгээг дахин шинжилж байгаа нь РИО-2016 гийн олимпийн наадамд элдэв эмийн тусламжтайгаар хууран мэхлэлт гаргахыг зогсоох зорилготой бөгөөд энэ зуны олимпийн үеэр тамирчдын сэргээшийн давтан шинжилгээг сайжруулсан аргаар хийнэ гэдгийг мэдэгдээд байна.
Эх сурвалж: Time
Б.АНХТУЯА