Засгийн газраас хэрэгжүүлж буй “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн түрүүч өнөөдөр “Төрийн орон сууцны корпораци”-иас /ТОСК/ батламжаа гардан авлаа. Эдгээр иргэд түрээсийн орон сууцанд 200-280 мянган төгрөгийн төлбөр төлж, амьдрах юм.
"Буянт-Ухаа II” хороололд 1-2 өрөө байр түрээслэсэн 350 айлын нэг нь Т.Солонгын гэр бүл. Эднийх долоон сартайгаас долоон нас хүртэлх дөрвөн хүүтэй. Хоёр жилийн өмнө амьдарч байсан хашаа, байшин нь галд өртөж, орон гэргүй болжээ. Үүнээс хойш байртай болохыг мөрөөддөг байсан тухайгаа Т.Солонго ярилаа. Гэтэл ТОСК-иас тухтай, агаар сайтай, шинэ орон сууц түрээслэх хөтөлбөр хэрэгжүүлж, иргэдийг бүртгэж байгааг мэдээд ханджээ. Сугалаа сугалж, нэр нь тодорсон 350 иргэний 350 дугаарт бичигдсэнээ хараад сандарч, баярласнаа хуваалцлаа.
Өнөөдөр байрны түлхүүр авч байгаа эдгээр хүмүүс хоёр, гурван өдөр дугаарлан зогсч бүртгүүлсэн бөгөөд дараа нь сугалаанд оролцож, энэ эрхийг авч байгаа юм. ТОСК-тай гэрээ байгуулсан иргэд цаашид “Буянт-Ухаа II” хорооллын тохижилтын асуудалд анхаарлаа хандуулахыг хүсч байлаа. Мөн өдөрт нэг талдаа 1500-5000 төгрөг гарган, ажил сургуульдаа явдаг гэдгээ учирлалаа. Иймээс нэн түрүүнд хотын төв рүү орох автобус, унааны асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлтийг байр түрээслэгчид дарга нарт дайсан юм.
ТОСК-иас 2021 он хүртэл орон нутагт 16 мянга, нийслэлд 4000 айлын орон сууцыг иргэдэд түрээслэнэ гэсэн төлөвлөгөө гаргажээ. Ингэхдээ давхар түрээсийн байраа иргэнд өмчлөх юм байна.
Мөн ирэх долоо, наймдугаар сард ТОСК “Буянт-Ухаа II” хороололд дахин 972 айлын 18 байрыг ашиглалтад оруулж, СБД-ийн долоодугаар хороо, 100 айлын орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан 720 айлын орон сууцыг шилжүүлэн авч, иргэдэд түрээслэнэ гэлээ.
ЗУРАГЛААЧ Н.БАТМӨНХ