Ч.Мөнх-Эрдэнэ: Арав гаруй ятгаар ээлжлэн тоглодог

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

Ч.Мөнх-Эрдэнэ: Арав гаруй ятгаар ээлжлэн тоглодог

“Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан”-ы тэргүүн байрын шагналт, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа

-Таны “Эмоци” уран бүтээл их цоглог хэмнэлтэй. Хөгжмийн зохиолч Б.Чинбат танд зориулж бичсэн гэдэг байх аа?

-Би гурван жилийн өмнө энэ бүтээлийг Чинбаад захиалахдаа “Энтертайнмент шоу тоглолтод үзүүлэх бүтээл хэрэгтэй байна” гэсэн юм. Чинбаа маань яг миний хүссэн бүтээлийг хийж өгсөн. Тухайн үед энэ бүтээлдээ “Омогшил” гэдэг нэр өгчихөөд цахим хуудсаар дууны нэрний санал авч, “Эмоци” гэж нэрлэсэн дээ.

-“Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан”-д “Вариац” бүтээлээрээ түрүүлсэн билүү?

– 2008 онд Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн нэрэмжит “Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан”-д хос ятгатайгаа тоглож, тэргүүн байрын шагналыг авч байлаа. Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав багшийн ятга хөгжимд зориулсан энэ бүтээлийг тоглолтын хэлбэрт оруулж, хос ятгаар тоглодог. Энэ бүтээл маань “Бүсгүй хүний заяа”, “Ганган борлог морь” гэсэн хоёр ардын дууг холбосноороо надад их таалагддаг. “Вариац” ятган хөгжмийн элементүүдийг бүрэн дүүрэн илэрхийлж чаддаг гайхалтай бүтээл юм.

-Та ятга тоглохдоо сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг. Тэр их эрч хүч хаанаас ундардаг юм бэ?

-Би ятга хөгжмөө тоглохоороо аз жаргалтай болчихдог. Ямар ч бүтээл тоглосон хөгжмөөсөө аз жаргалыг мэдэрдэг. Учир нь би дуртай ажлаа хийж байна. Дуртай ажлаа хийсэн шиг хиймээр байна. Тоглож буй хөгжмөө тоглосон шиг тогломоор байна. Би өөрийн эрхгүй баярлаж тоглодог учраас тэр энерги нь хөгжмөөр дамжин хүмүүст хүрдэг юм болов уу.

-Хуруундаа зүүсэн хуруувч тань өвөрмөц харагддаг?

-Би утсан хөгжим тоглохдоо нум ашиглах, төмөр хуруувч өмсөх санааг анх гаргасан л даа.

 -Таны хань бас уран бүтээлч хүн.  Та хоёр хэрхэн танилцаж байв?

-Манай  нөхөр 1996 онд “Эгшиглэн” хамтлагт байсан. Тухайн үеийн нийгэм хэцүү цагт Герман руу явж, уран бүтээл хийхээр болсон юм. Тус хамтлаг маань бүрэлдэхүүнээ нэмэхээр нэг дуучин, ятгачин авсан. Тэгж л би энэ хамтлагийн гишүүний тоонд орсныгоо хувь зохиол гэж боддог. Өнөөдөр ханьтайгаа амьдраад 20 жил болжээ. Манай нөхөр Б.Ганпүрэв Хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирлын ажил хийдэг.

-Хүүхдүүд нь том болж байна уу?

-Би уран бүтээлийн мөр хөөж явсаар хоёр хүүхдээ хожуу гаргасан. Одоо манай том охин гурав, хүү маань хоёрдугаар ангид сурдаг.

-Аав, ээжийн авьяас бас байна биз?

-Манай том охин хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид сурдаг. Харин бид хоёр хүүгээ урлагаар явуулъя гэж боддоггүй. Өөрийнхөө сонирхсон мэргэжлээр явах байх.

-Ятга хөгжмөөр авах ёстой бүх шагналыг авсан гэж ойлгож болох уу?

-Миний хувьд хамгийн дурсамжтай тэмцээн 2008 оны “Үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаан” байсан. Үүнээс хойш олон улсын уралдааны шүүгчээр ажиллах, шавь нараа бэлдэж байна. Зарим тэмцээнүүдэд ормоор байдаг ч нас заачихсан байдаг.

-Та их даруухан хүн юм аа?

– Би өөртөө хэзээ ч сэтгэл ханадаггүй. Аль болох энгийн даруу байх дуртай. Миний найзууд “Намайг хэтэрхий даруухан байна” гэдэг. Миний байгаа төрх л энэ. Хүн их зөв санаатай байх ёстой юм шиг. Тэр чинээгээр хөгжмийн өнгө маш сайхан гардаг гэж боддог. Буруу бодол хөгжимчин хүний хөгжмийн өнгөнд хүртэл нөлөөлдөг. Тиймээс хөгжимчин хүн сэтгэлээрээ цэвэр ариун байх ёстой. Би шавь нартаа ч гэсэн үүнийг л захидаг.

-Хөгжим, бүжгийн коллежид хэдэн жил багшилж байна вэ. Олон шавьтай болж байна уу?

-Хөгжим бүжгийн коллежид 2009 оноос хойш багшилж байна. Гэхдээ би чөлөөт уран бүтээлч хүн. Яг багшийн ажил хийвэл уран бүтээлээ хийж чадахгүй болно. Би ятгаа тогломоор байна. Манай Хөгжим, бүжгийн коллежид тодорхой шалгуураар ятга хөгжмийн ангид хоёрхон хүүхэд авдаг. Тиймээс олон шавьтай ажилладаггүй. Жилдээ ганц хүүхэд авдаг.

-Удахгүй таны шавь тоглолт хийнэ гэж дуулсан?

-Манай нөхөр “Алтай” хамтлагийн продюссерээр ажилладаг. Энэ сарын 22-нд “Алтай” хамтлагийн таван жилийн ойн “Золгоё доо” тоглолт болно. Энэ хамтлаг язгуур хэв шинжээ хадгалсан, үе дамжсан өв тээгчдээс зургаан гишүүнээс бүрдсэн байгаа. Энэ хамтлагт миний шавь н.Баасанжаргал ажилладаг. Шавь маань одоо Хөгжим, бүжгийн коллежийн хоёрдугаар курсийн оюутан.

 -Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?

-Манай гэр бүл болон ах дүүс дотор урлагийн хүмүүс байхгүй. Би яагаад урлагийн замыг сонгосноо ч сайн мэдэхгүй юм. Энэ авьяасыг бурхнаас надад бэлэглэсэн бэлэг гэж боддог. Миний анхны сонссон хөгжим ятга байсан. Би бага байхдаа өөртөө итгэлтэйгээр “Ятгачин болно” гэдэг байсан. “Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ” гэж зарлаад л тоглодог байсан санагдана. Амны билгээс ашдын билэг гэдэг. Өнөөдөр би ятгачин болсон шүү дээ.

-Аль нутгийнх билээ?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Гэхдээ ээж, аав маань Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул иргэд. Би ээж, аавынхаа нутгаар дуудуулах дуртай байдаг.

-Ятга хөгжимтэй амьдралаа холбоод багагүй хугацаа өнгөрчээ. Ном гаргах бодол бий юу?

-Ном гаргах бодол байна. Ятга хөгжимтэй олон жилийг хамт өнгөрүүлсэн хөгжимчний хувьд ном гаргачихвал ирээдүйн ятгачдад гарын авлага болох байх. Гэхдээ хэдийд номоо гаргахыг хэлж мэдэхгүй байна.

 -Сонсогчдоос сэтгэлийг тань хөдөлгөж байсан хүн байдаг уу?

-Намайг огт танихгүй нэгэн эмэгтэй миний тоглолтыг үзээд “Би өөрийг чинь бишрэн шүтэгч байна. Өөрт чинь ятгын уут хийж өгмөөр байна” гэсэн. Би тэр эгчийг ерөөсөө мартдаггүй юм. Тэгээд надад “Хөгжим чинь бат бөх байх ёстой” гээд цэвэр арьсан, номин ногоон өнгөтэй уут хийж өгсөн. Хүн надад ийм их сэтгэл гаргаж байгаад их баярласан. Би урлагаар яваагүй бол хэн ч надад ийм бэлэг өгөхгүй байсан шүү дээ.-Алтай ятга бусад ятгаас өөр л дөө. Анх алтай ятгыг тууль хайлах болон язгуур урлагт суурилж тав, зургаан утастай хийж байсан. Харин өнгөрсөн онд Ц. Балхаажав урлаач маань 13 утастай алтай их ятгыг бүтээснээр илүү мэргэжлийн түвшинд тоглогдох боломжтой болж байна.

-Та олон ятгатай юу?

-Би 10 гаруй төрлийн ятгатай. Тэднийгээ ээлжлэн тоглодог. Өөрөө ятгачин хүн учраас ятга цуглуулах дуртай. Ихэнхийг нь бэлгэнд авсан байдаг. Манай гэрт 13 утастай, алтайн их ятга ч байдаг.

-Ятга хөгжмөөрөө илүү ихийг бүтээхийг хүсдэг байх. Мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Мэдээж ихийг хийж байна. Үүнийг маань ойлгох нэгэн ойлгодог. Заавал бусдад ойлгуулах гээд байх шаардлагагүй. Манай нөхөр “Хоёулаа үнэ цэнэтэй зүйлийг зөв цаг үед нь хийж, амьдарсан шиг амьдрах нь хамгийн чухал” гэдэг. Тэр ч утгаараа бид хоёр үнэнч сэтгэлээр зүтгэдэг. Монгол өнгө төрхийг гаргаж, бахарлыг бий болгох, үндэсний хөгжмөөрөө тоглох хүсэл мөрөөдөлтэй. Тэрхүү мөрөөдлөө биелүүлж амьдарна гэдэг бид хоёрын хувьд хамгийн амттай амьдрал юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж