АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах гэнэ. Тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч болвол Ким Чен Унтай нүүр тулж уулзан Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэхээ мэдэгджээ. Тэрбумтан Дональд Трамп “Би Ким Чен Унтай уулзана. Түүнтэй ярилцахад надад асуудал гарахгүй” хэмээсэн байна. Түүнчлэн тэрбээр Хойд Солонгосын асуудалд гол холбоотон Хятад улсад шахалт үзүүлэх гэнэ.
АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай уулзах нь Вашингтоны гадаад бодлого бодлого өөрчлөгдөхийг зөгнөж байгаа юм. Хойд Солонгос олон улсын гэрээг зөрчин 2006 оноос дөрвөн удаа цөмийн туршилт хийж, Вашингтон, Сөүлийг газрын хөрснөөс арчихаар сүрдүүлж байгаа билээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнд Бүгд найрамдах намаас ганцхан Дональд Трамп тунаж үлдээд байгаа юм. Харин Ардчилсан намд нэр дэвшигч Хиллари Клинтон, Берни Сандерс нарын хооронд өрсөлдөөн үргэлжилж байна. Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА