ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН:
- Хууль зүйн сайд Д.Дорлигжав Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг томилуулах тухай саналыг өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. С.Ламбаа нь одоо Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа юм.
- Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өчигдөр УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.Уг тогтоолын төсөлд Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” ХК хамтран байгуулах зарчмыг тогтоосон бөгөөд хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар тогтоожээ.Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцөлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн байна.
- Нөөцийн махыг уржигдраас зах зээлд худалдаанд гаргалаа. Энэ жилийн хувьд өмнөх жилтэй харьцуулахад 300 орчим төгрөгөөр хямд байгаа аж. “Мах” хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлээр нөөцийн махыг иргэдэд хүргэж байгаа нь энэ юм. 2018 оныг хүртэл “Баатарууд тэнгэр”, “Дархан мийт фүүдс”, “Эй Эн Ди Эм”, “Мах импекс”, “ХКҮ”, “Эрдмийт”, “Саян уул” компаниудад нийт 25 тэрбум төгрөгийн жилийн 12.5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ.Нөөцийн махны үнэ зах зээл дэх махны үнэтэй харьцуулахад 16-30 хувиар хямд хэмээн албаныхан мэдээлж буй. Тухайлбал, ямааны мах 4400, үхэр 5750, хонь 5400 төгрөгийн үнэтэй байгаа юм байна.
- Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан барагдуулах санал тавьсныг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Таван толгой” ХК-д даалгахаар ЗГ-аар шийдвэрлэлээ.
- Өнгөрөгч нэгдүгээр сарын 27-нд Амгалан дахь “Оргил” худалдааны төвөөс худалдан авалт хийсэн иргэн 400 сая төгрөгийн азтан болсон билээ. Хэсэг хугацаанд хүлээгдсэний эцэст иргэн н.Цэенпил 400 сая төгрөгийн азтан болсноо баталгаажуулахаар Гааль, татварын ерөнхий газарт ханджээ. Гэвч түүний материалыг хуурамч байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэх мэдээлэл гарсан. Тэгвэл албаны эх сурвалж энэ мэдээллийг баталжээ. Гааль, татварын ерөнхий газраас 400 сая төгрөгийн азтаны баримтыг жинхэнэ эсэхийг тогтоолгохоор цагдаагийн байгууллагад хандсан байна.
- Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хурал өнөөдөр болж, баяр наадмын төсвийн төслийг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.Мөн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын найруулагчийг сонгон шалгаруулсан талаар танилцууллаа. Нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч Н.Наранбаатар, төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дарга, найруулагч Г.Цоггэрэл нарыг шалгаруулжээ.
- “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг цагдаагийн байгууллагаас хорьсон гэх мэдээлэл байна. Энэ талаар тус байгууллагын тэргүүн П.Шинжээравдангаас тодруулахад “Юунаас болж хорьсныг нь сайн мэдэхгүй байна. Миний хувьд энэ талаар сайн мэдээгүй байж байгаад өглөө ар гэрийнхнээс нь л сонслоо. Гол нь өнгөрөгч бямба гаригт UB palace-т эх орончдын чуулган зохион байгуулж 1000 гаруй хүн цугларсан. Үүнээс шийдвэр гаргаад оффшор данстангуудын бүрэн эрхийг түдгэлзүүлье, нэр дэвшүүлэхгүй байя гэсэн санал гаргаад Засгийн газар, Улсын ерөнхий прокурорт өгсөн. Үүнтэй холбоотой болов уу гэж хардаж байна. Энэ улсуудыг эртхэн дарж авъя гэж л бодсон болов уу л гэж хардаж байгаа” гэлээ. Харин албан сурвалжуудаас авсан мэдээллээр тус хөдөлгөөнийхөн гадаадын иргэдийг айлгаж, сүрдүүлсэн хэрэгт холбогдуулан байцаахаар цагдан хорьжээ.
- Жолооч нар зөрчлийн оноогоо цахимаар шалгадаг болжээ. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын www.service.police.gov.mn сайтаар орж, регистерийн дугаар, жолооны үнэмлэхийн дугаараа бичин онооныхоо мэдээллийг харж болох юм байна. Мөн энэ сайтаас иргэд жолоодох эрхийн лавлагаа, гомдол гаргах, эрэн сурвалжлагдаж буй иргэдийн мэдээлэл, ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт гээд бүх талын үйлчилгээг авч болох аж. Мөн алга болсон иргэдийн мэдээлэл өгөх, авах, гэмт хэргийн цахим зураглал гаргах зэргээр хандаж болохоор болжээ.