Ц.Оюунгэрэл: Хүчирхийллийн асуудлыг бүрэн хуульчилсан  

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл: Хүчирхийллийн асуудлыг бүрэн хуульчилсан  

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй Хүчирхийллийн эсрэг хууль эрх зүйн асуудлаар ярилцлаа.


-Энэ парламентын түүхэнд анх удаа хамгийн олон эмэгтэй гишүүн ялалт байгуулсан. Та бүхэн хамтын хүчээр асуудалд хандахад нэлээд дөхөм байсан байх? 

-УИХ дахь эмэгтэй гишүүд энэ парламентад олуулаа буюу 11 гишүүнтэй болсон. Тиймээс хүүхэд, эмэгтэйчүүдэд хандсан хүчирхийлэл, хүний эрхийг хамгаалах хуулийн төслүүдийг санаачлан батлуулаад байна. Миний хувьд Хууль зүйн байнгын хороонд байдаг эмэгтэй гишүүн. Тэр утгаараа Эрүүгийн тухай хууль, Өршөөлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Хууль сахиулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг боловсруулах Ажлын хэсэгт орж ажилсан. Ингэхдээ хүний эрхийг хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр зүйл заалт оруулахаар зорьж ажилласан. Хүчирхийлэлд өртсөн хүмүүс хаана хандахаа мэдэхгүй тохиолдол их байдаг. Хууль шүүхийн байгууллагад хандаад олигтой хамгаалалт болдоггүй байсан. Тиймээс хэд хэдэн хуульд гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг шингээж орууллаа. Одоо бол хүчирхийллийн асуудлыг таслан зогсоох найдвар төрж эхэлсэн гэж боддог. 

-Гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг ямар ямар хуульд тусгасан бэ?

-Эрүүгийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг мөн учраас зүйлчлэх заалт оруулж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд оногдуулах ял тодорхой болсон гэж хэлж болно. Хүчирхийлэлд өртөж, улмаар нэг удаа хариу үйлдэл хийгээд гэмт хэрэгт холбогдсон бол тухайн хүнийг хөнгөрүүлэх нөхцлөөр авч үздэг болсон. Урьд нь ийм төрлийн гэмт хэргийг өш хонзонгийн сэдэлтэй гээд хүндрүүлэх нөхцөлөөр ял оноодог байсан. Энэ бол буруу. Яагаад гэвэл насаараа хүчирхийлэл дунд байсан эмэгтэй нэг удаа хариу үйлдэл хийгээд, тэр нь хэтрэлттэй болж, гэмт хэргийн шинжтэй болоход хохирогчийг өш хонзон авсан байна гэж үзээд, илүү ял өгдөг байсан. Ийм гунигт байдал одоо арилж, хөнгөрүүлэх нөхцөл заалтаар авч үзнэ.

Есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх тухай хууль хэрэгжиж эхлэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүдийн ял хөнгөлөгдөж, зарим нь суллагдах байх. Хоёрдугаарт, Хууль сахиулах тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох тухай тодорхой заалт орсон. Хууль сахиулагчид хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан дуудлага хүлээж аваад нэн тэргүүнд очно гэдэг заалт оруулсан. Дуудлага өгсөн айл хаалгаа тайлахгүй байвал эвдэж орох эрхтэй болж байгаа юм. Урьд нь ийм эрх хууль сахиулах албан хаагчдад байгаагүй. Тухайн айл хаалгаа тайлж өгөөгүй бол ахуйн зөрчил гээд орхидог байсан. Харин одоо шийдэх эрх зүйн үндэс бий боллоо. Гуравдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийг айлгах замаар өргөдөл татаж авдаг байдлыг таслан зогсоох заалтууд орсон. Тухайлбал, хохирогчийг Тахарын алба хамгаалах үүрэгтэй болсон. Хохирогч хүчирхийлэл үйлдэгчтэй уулзахгүйгээр, өөр өрөөнд байцаалт өгөх, шүүх дээр мөн адил хүчирхийлэл үйлдсэн этгээдтэй уулзахгүйгээр алсын зайнаас, видеогоор мэдээлэл өгөх боломжтой болж байгаа юм. Хохирогчийг хамгаалах заалт байхгүйгээс болж шүүх хурал дээр очиж явсан эмэгтэйг шүүхийн хаалганы гадаа хутгалж, амь насыг нь хохироосон тохиолдол гарч байсан. Тухайн үед Тахарын алба байгаагүй, Гэрч хохирогчийг хамгаалах хууль байгаагүй. Нэг үгээр хэлбэл, стандартгүй байхад аюултай, эмгэнэлтэй зүйл тохиолдож байсан. Одоо бол нөхцөл байдлыг өөрчилсөн. Дээр нь хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд цагдаагийн байгууллага арга хэмжээ авч, Хүүхэд хамгааллын газар, ах дүү хамаатан саданд нь хүлээлгэж өгдөг үүрэгтэй болж байна.

-Хорих ангид ял эдэлж байгаа ихэнх эмэгтэйчүүд өөрийгөө хамгаалах гэж байгаад гэмт хэрэгт холбогдсон байдаг. Тэдний цаана үр хүүхэд нь асран хамгаалагчгүй үлдэх, архичин аавдаа хүчирхийлүүлэх гэх мэт олон асуудал байна. Үүнийг яаж зохицуулах вэ? Хүүхэд илүү их хохироод байх шиг харагддаг.

-Би дээрх хуулиудын ажлын хэсэгт байх хугацаанд Эмэгтэйчүүдийн хорих ангид очиж ажиллаж байсан. Тэнд хоригдож байгаа эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэг үйлдсэн байдаг. Эмэгтэйчүүдтэй би ганцаарчилсан ярилцлага хийсэн. Тэдгээр бүсгүйчүүдээс “Та хүчирхийлэлд өртөж байгаагаа ээж, аавдаа хэлээд зогсоож болоогүй юу. Ах дүү, төрөл садангийн хүмүүсээсээ тусламж гуйж болоогүй юм уу” гэж асуухад “Үгүй, тэр хүн ээж, аавд минь гэм хийчихнэ. Тэгээд ч дараа нь архи уугаад намайг зовоогоод байдаг юм” гэдэг нийтлэг хариулт өгсөн. Үнэхээр тийм шүү дээ. Цагдаад хэлээд ч нэмэргүй. Цагдаа 72 цаг хорьж, байцаагаад, сулладаг. Уур бухимдал тээсэн хүн гарч ирээд, улам их хүчирхийлэл үүсгэдэг нийтлэг жишиг байдаг. Эцсийн эцэст хандах газаргүй болсон хохирогч өөрийгөө өмгөөлж байгаад гэмт хэрэг үйлдсэн тохиолдол олон байна. Энэ юуг харуулаад байна вэ гэхээр өнгөрсөн жилүүдэд хүчирхийллийг зохицуулсан хууль эрх зүйн орчин дутмаг байсан гэсэн үг.  

Хууль сахиулах тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох тухай тодорхой заалт орсон. Хууль сахиулагчид хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан дуудлага хүлээж аваад нэн тэргүүнд очно гэдэг заалт оруулсан. Дуудлага өгсөн айл хаалгаа тайлахгүй байвал эвдэж орох эрхтэй болж байгаа юм. Урьд нь ийм эрх хууль сахиулах албан хаагчдад байгаагүй. Тухайн айл хаалгаа тайлж өгөөгүй бол ахуйн зөрчил гээд орхидог байсан. Харин одоо шийдэх эрх зүйн үндэс бий боллоо.

-Дээр дурдсан хуулиудаас гадна гэр бүлийн хүчирхийллийг тусгасан батлагдаагүй хууль бий юу?

-Нэг хууль байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль. Уг хуулийн шинэчилсэн найруулга өргөн баригдсан. Энэ чуулганаар амжиж батлах юм бол гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тэмцэл бүрэн хэмжээнд хүрнэ гэсэн үг. Яагаад гэвэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд урьдчилан сэргийлэх маш олон заалт орсон.

-Хүчирхийллийг өргөн утгаар нь авч үзвэл маш олон үйлдэл хамаарах байх. Тиймээс хүчирхийллийг тодорхойлох хүчин зүйлүүдийг дээрх хуулиудад тусгаж өгсөн үү?

-Эрүүгийн тухай хуульд оруулж өгсөн. Уг хуульд хэнд хүчирхийлэл үйлдвэл гэр бүлийн хүчирхийлэлд тооцох вэ гэдэг асуудлыг тодорхой тусгасан. Урьд нь зөвхөн эхнэр нөхөр, хүүхдээ зодох асуудлыг хүчирхийлэлд тооцдог байсан. Одоо бол өргөн хүрээг хамарна. Тухайлбал хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч, салсан хүмүүс бие биенээ дарамтлах тохиолдол байдаг. Эдгээрийг бүдгийг нь тусгаж өгсөн.

-Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд туслах ганцхан газар нь Хүчирхийллийн эсрэг үндэсний төв байдаг. Энэ төв байнга ачаалал ихтэй, хөрөнгө мөнгөний асуудалтай байдаг шүү дээ. Тиймээс Тахарын албыг байгуулсан. Тахарын албаар хамгаалуулах хүсэлтэй эмэгтэй хамгийн түрүүнд яах ёстой вэ? 

-Хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төв бол төрийн бус байгууллага. Яг түүнтэй ижил чиг үүрэг гүйцэтгэх Тахарын алба байгуулагдсан. Тахарын албаар хамгаалуулахын тулд өргөдөл бичих ёстой. Тухайн өргөдлийг прокурор хянаад хамгаалах, эс хамгаалах зөвшөөрөл олгоно.

-Тахарын албаар хамгаалуулахын тулд хэр их хугацаа шаардах вэ? Прокуророос зөвшөөрөл авна гэхээр цаг орох байх тийм үү?

-Есдүгээр сарын 1-нээс Шуурхай хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болж эхэлнэ. Одоогийн байдлаар хамгаалах арга хэмжээг зөвхөн Тахарын албаны тухай хуулиар зохицуулж байгаа юм. Уг хуульд зааснаар хамгаалуулах хүсэлтэй эмэгтэй өргөдөл бичиж Тахарын албанд өгнө. Тахарын алба прокурорын зөвшөөрөл авна. Ингэж байж хамгаалалтанд авах шат дамжлагатай байгаа. Энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Хууль сахиулах тухай хуулиар бол хүчирхийлэл үйлдэж байгаа газарт цагдаа очиж таслан зогсоогоод, хохирогчийг газар дээр нь хамгаалалтанд авна гэсэн заалт бий.

-Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд хамгаалалт авахын тулд мөн адил Тахарын албанд хандах ёстой юу?

-Тэгэлгүй яахав. Хөдөө орон нутгийн тухайд Тахарын алба 24 цагаар үйлчилдэггүй. Иймд хамгийн түрүүнд цагдаад хандаж болно. Цагдаагийн газраас тухайн эмэгтэй Тахарын албанд хүргэж өгөөч гэж хүсэж болно.      

Ярилцсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж