Ерөнхийлөгчийн тайлан: “Ширэн хэтэвч”-ээс “Шилэн данс” руу

Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн тайлан: “Ширэн хэтэвч”-ээс “Шилэн данс” руу

-Түүний бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхийг уриалсан ажлын тайлан 101 зүйлтэй “бичиг баримт” болтлоо зузаарчээ. Харин тэр олон зүйл жагсаалтаас чухам яг ямар ажил ардчилсан Ерөнхийлөгчийн “түүхэн гавьяа” болж үлдэхийг он цаг өөрийн шалгуураар шүүн тунгаах биз ээ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн бямба гаригт Дархан-Уул аймагт ажиллахдаа иргэдтэй уулзалт хийж, энэ үеэр ажлын тайлангаа тавьсан байна. Хэдийгээр түүний уулзалтад Дархан-Уул аймгийн иргэд оролцсон ч тэднээр төлөөлүүлэн Монгол Улсын иргэдэд ажлаа тайлагнаж буйгаа тэрбээр онцолжээ. Ер нь Ерөнхийлөгч чухам юу хийдэг юм бэ, юу хийх боломжтой юм бэ гэх асуултуудад хамгийн тодорхой хариулт өгөхийг хичээж ажилласан төрийн тэргүүнээр түүнийг нэрлэж болох байх. Санаанд оромгүй санаачилга дэвшүүлж, сайн муу шүүмжлэл олонтаа сонсдог ардчилсан Ерөнхийлөгч тэрбээр “Ерөнхийлөгч юун түрүүнд ажлаа УИХ-д, цаашлаад ард иргэддээ тайлагнадаг” жишгийг тавьсныг анзаарч болно. Улс төрд шинэ хэм хэмжээг бий болгож буй энэ алхмыг нь “ажил биш” гэж хэлэхэд хэцүү…

Ер нь санаачлах, сэтгэх, уриалах, ухуулах, үлгэрлэх зэрэг хийсвэр төлөв дээр голдуу яригдах Ерөнхийлөгчийн үйлдлүүд чухамдаа төрийн тэргүүний зүгээс хийж болох, хийх ч ёстой ажлууд байсныг олон жишээгээр нэрлэж болох байх. Үндэсний мод тарих өдөртэй болох Ерөнхийлөгчийн санаачилга өргөжсөөр, өнөөдөр мод тарих нь хэн бүхний оролцох дуртай бүх нийтийн ажил болчихож.

Дархан-Уул аймгийн иргэдэд танилцуулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын тайлан уг нь анхных нь биш. Тэрбээр жил тутам ажлын тайлангаа УИХ-д бичгээр танилцуулдаг бөгөөд өнгөрсөн жил чуулганы хуралдаанд бүрэн хэмжээний мэдэгдэл хийж байсан санагдана. Түүний бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхийг уриалсан ажлын тайлан 101 зүйлтэй “бичиг баримт” болтлоо зузаарчээ.

Шилэн дансны хууль л гэхэд хэний санаачилга байсан нь хэдийнэ мартагдаж, энэ нь бүх нийтийг татан оролцуулсан хяналтын тогтолцоо болтлоо газар авчихаж. Ерөнхийлөгчийн төсвөөс эхлээд бүхий л төрийн байгууллагуудын санхүүгийн гүйлгээ “шилэн” болчихоод тэр дунд “ширэн” хэтэвчтэйгээ зууралдсаар байгаа зарим байгууллагыг чичилж буруутгадаг жишиг өнөөдөр тогтсон байна.  Энэчлэн тоочвол Төрийн тэргүүний зүгээс ажлын өрөөгөө “Иргэний танхим” болгохоос эхлээд АСЕМ-ын хурлыг Улаанбаатарт зохион байгуулах хүртэл олон санал, санаачилгыг өнгөрсөн хугацаанд гаргасан нь өдгөө бодит ажил болсон байх аж. Төрийн тэргүүн гэдэг  ард түмний эв нэгдлийн бэлгэдэл төдий бус түмэн олныг уриалах, ухуулах “улаан туг” нь байж болохыг харуулсан нь түүнийг үе үеийн Ерөнхийлөгч нараас ялгах үнэлэмж нь байх биз.

Дархан-Уул аймгийн иргэдэд танилцуулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын тайлан уг нь анхных нь биш. Тэрбээр жил тутам ажлын тайлангаа УИХ-д бичгээр танилцуулдаг бөгөөд өнгөрсөн жил чуулганы хуралдаанд бүрэн хэмжээний мэдэгдэл хийж байсан санагдана. Түүний бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэхийг уриалсан ажлын тайлан 101 зүйлтэй “бичиг баримт” болтлоо зузаарчээ. Харин тэр олон зүйл жагсаалтаас чухам яг ямар ажил ардчилсан Ерөнхийлөгчийн “түүхэн гавьяа” болж үлдэхийг он цаг өөрийн шалгуураар шүүн тунгаах биз ээ. 

Т.ҮЙЗЭН

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж