Хуучирсан мэдээ: 2016.05.18-нд нийтлэгдсэн

Хятад улс хэдхэн хоногийн өмнө өмнөд Хятадын тэнгис дэх 1294 га газрыг өөрийн эзэмшил нутаг гэж зарласнаас хойш үүнийг батлах мэт хятад иргэд болон загасчид моторт завиар эргүүл хийн, тус бүс нутгийг өөрсдийн эзэмшлийнх гэж маргалддаг хөрш орны загасчид болон аж ахуй эрхлэгчдэд анхааруулах болжээ.

Стратегийн ач холбогдол бүхий өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийг Хятад улсаас гадна Вьетнам, Филиппин, Тайвань, Малайз, Бруней зэрэг улсууд өөрсдийн эзэмшил гэж эртнээс зөрчилдөж ирсэн юм. Харин Хятад тус бүс нутгийн газар нутгийг өөрсдийн эзэмшил хэмээн зарлаж, газар нутгийн маргаанаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн гарахаас сэргийлж, орон нутгийн хэдэн зуун иргэд болон загасчдыг ийнхүү дайчилж эхэлжээ.

Гэвч хятад иргэд болон загасчид өмнөд Хятадын тэнгист өөр орны хөлөг онгоц, загасчдыг хяхаж, хавчин, олон улсын маргаантай асуудалд мэргэжлийн бус хандаж байгаа нь асуудлыг улам хурцатгаж мэднэ гэж ажиглагчид үзэж байгаа юм. Шинжээчид уг маргаантай бүс нутагт ингэж авирлах нь зохисгүйгээс гадна шууд сөрөг дайралт хийхийг хориглодог, маргаантай бүс нутагт баримталдаг дүрмийг зөрчин давуу эрх эдэлж байгааг нь шүүмжилжээ.

Түүнээс гадна өмнөд Хятадын тэнгист явуулж буй Хятадын бодлогыг барууны ажиглагчид 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн хэрэг явдалтай адилтгажээ.

АНУ-ын тэнгисийн цэргийн коллежийн профессор Эндрью Эриксон “ОХУ-ын цэргүүд хэрхэн Украиньд орж, Крымийг эзэлсэнтэй яг адилхан үйл явдал өмнөд Хятадын тэнгист давтагдаж байна. Ийм үзэгдлийг АНУ-д бага сага ойлгодог болсон” гэжээ. Хятадын цэрэг армийн хүчин чадал хэрхэн өсч байгаа тухай Пентагоны илтгэлд дурьдсанаар  Хятадын армийн төсөв жилийн 180 тэрбум ам.долларт хүрч, хүчин чадлаа бэхжүүлж байгаа ажээ.

Өмнөд Хятадын тэнгист явуулж буй Хятадын бодлогыг барууны ажиглагчид 2014 онд ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн хэрэг явдалтай адилтгажээ.

Хятад улс өнгөрсөн хугацаанд бүс нутгийн болон олон улсын эсэргүүцлийг үл тоомсорлон, өмнөд Хятадын тэнгист цэргийн онгоцны буух хөөрөх зурвас, боомт барих замаар газар нутгаа тэлсээр өнгөрсөн хугацаанд нийт 1294 га газрыг эзэмшилдээ багтаасныг Пентагон илтгэлдээ бичжээ. Газрын тос, байгалийн хий, загасны баялаг нөөцтэй, стратегийн чухал бүс нутаг болох өмнөд Хятадын тэнгисийг Бруней, Малайз, Тайвань, Вьетнам зэрэг улсууд өөрсдийн эзэмшил гэж эртнээс үзэж, маргаж ирсэн боловч тус  бүс нутагт сөөм сөөмөөр хяналтаа тогтоож буй улс Хятадаас өөр байхгүй байна.

Хятад өмнөд Хятадын тэнгист хүний гараар бүтээсэн арлуудаа улам тэлж, бүс нутагт үүсч болзошгүй зэвсэгт мөргөлдөөнөөс сэргийлэхийн тулд цэрэг, армийн хүчин чадлыг бэхжүүлэхэд анхаарч байгаа юм. Эрчим хүчний асар их нөөцтэй өмнөд Хятадын тэнгисээр жил бүр таван их наяд ам.долларын бараа бүтээгдэхүүн дайран өнгөрдөг юм.

Өнгөрсөн жил АНУ-ын тэнгисийн цэргийн командлагч Хятадыг өмнөд Хятадын тэнгист пуужингийн систем байршуулж магадгүй гэж мэдэгдэж байсан юм. Гэвч АНУ дах Хятадын Элчин сайд “Хятад улс бүтээн байгуулалтын хүрээнд цэргийн хамгаалалтын систем байгуулах нь зүйн хэрэг” хэмээн хариу мэдэгдэл хийсэн билээ.

Хятад өмнөд Хятадын тэнгис дэх арлуудад бүтээн байгуулалт явуулаад зогсохгүй Филиппин, Вьетнам зэрэг бусад орнуудыг бусад арлууд дээр барилга барьсан гэж буруутгасаар байна.

Н.ЭНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж