УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөхөөр ажиллаж байсан З.Пагмажав “Тайваний тагнуул байжээ”, “Монгол Улсын төрийн нууцыг Тайвань руу гаргадаг байж” гэх мэдээлэл өнгөрсөн оны намар гэнэт цацагдаж олныг цочоосноос хойш хэдэн сарын хугацаа өнгөрчээ. Миний бие Үндэсний телевизээр энэ асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн ярилцлагад орсны дараа ихэнх хэвлэл мэдээлэл, олон нийт уг асуудалд илүү бодитой, төв байр сууринаас хандаж эхэлсэн юм. Харин тодорхой улстөрчид, мэдээллийн зарим сайт, нийгмийн сүлжээнд нэр, нүүрээ нуусан тодорхой хүмүүсийн зүгээс энэ асуудлыг улс төржүүлэх, зориудаар мушгин гуйвуулж миний эсрэг чиглүүлэх оролдлого зогссонгүй. Цаашид сонгууль дөхөх тусам ил далд гүтгэлэг тараах, олныг төөрөгдүүлэх энэ үйлдэл эрчээ авах төлөвтэй байна.
Аюулгүй байдлын салбарт ажиллаж ирсэн, тагнуулын байгууллагын ажлын онцлогийг ойлгож хүндэлдэг хүний хувьд мэргэжлийн байгууллагад нь тайван ажиллаж үнэн мөнийг тогтоох боломжийг олгоё гэсэн хүлээц тэвчээр маань улс төрийн ашиг хонжоо хайгчдад “бэлэн хоол” болох шинжтэй. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг санаачилж, батлуулахын төлөө зүтгэж ирсэн хүний хувьд тууштай барьж ирсэн “хэвлэлтэй зарга хийхгүй” гэсэн бодол маань ч намайг зорилготой гүтгэгчдэд шүршүүлэх чимээгүй бай болгож байгааг сэтгүүлч нөхөд маань хүртэл хэлэх болов. “Хэвлэлийн эрх чөлөө” гэдэг уг нь бусдыг дур зоргоороо гүтгэж доромжлохын нэр биш билээ.
Иймд энэ бүх гүжир гүтгэлгийг тэвчээр заан хараад суух бус, асуудлын үнэн мөнийг өөрт байгаа мэдээллийн хүрээнд, өөрийн үгээр олон нийтэд өгүүлэх нь зөв гэж үзлээ. Үр хүүхэд, эх орныхоо ирээдүйг сайн сайхан байлгахсан гэж хичээж, улс төрийн хатуу ширүүн амьдрал дундуур өөдрөг бодол тээн зүтгэж яваа эх хүний хувиар, эмэгтэй хүний хувиар би өөрийгөө өмгөөлөн дуугарах бүрэн эрхтэй. “Муу үг модон улаатай” гэж үг бий. Монголын төрд байгаа хүмүүс бүгд хувиа хичээгсэд, эх орноосоо урвагчид мэт хар мэдээллийг нийгэмд зорилготойгоор түгээж, төрд итгэх олны итгэлийг зориудаар үгүй хийхийн хэрээр улс орны минь, үр хүүхдийн минь хувь заяа гудайх вий гэдэг эмзэглэл ч энэ талаар бичих сэдэл төрүүлснийг онцлон хэлэх учиртай.
Ингээд “эх орноосоо урвасан” гэх хүнд хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа миний зөвлөх асан З.Пагмажавын талаар, түүнийг шалгаж байгаа хэргийн талаар, мөн энэ хэргийн бодит нөхцөл байдлаас үл хамаарч миний эсрэг зохион байгуулж байгаа “тусгай ажиллагаа”-ны талаар, үүний цаадах зорилготой улс төрийн талаарх өөрийн бодлоо уншигч тантай хуваалцъя.
МИНИЙ МЭДЭХ З.ПАГМАЖАВ
Миний бие 1995 онд их сургууль төгссөн цагаас 2005 онд Тайбэй дахь Улаанбаатарын төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилогдох хүртлээ тухайн үед Батлан хамгаалах яамны харьяанд байсан Стратегийн судалгааны хүрээлэнд судлаач, ахлах судлаачаар 10 жил ажилласан. Монголчууд бид ерэн оноос өмнө социалист хамтын нөхөрлөлийн орнуудын нийтлэг эрх ашгийг дээдлэх үүрэгтэй, улс үндэснийхээ, ард түмнийхээ эрх ашгийн талаар зоригтой дуугарах бүү хэл ийм үг хэрэглэх ч эрхгүй шахуу байсан нь түүхийн гашуун үнэн.
Наяад оны дундуур хуучин ЗХУ-аас эхэлсэн “перестройка” улмаар бүх социалист орныг хамарсан ардчиллын төлөөх давалгаа болон эрчээ авч, Монгол Улсад хүний эрхийг төдийгүй улс үндэсний эрх чөлөөгөө зарлан тунхаглах боломжийг авч ирсэн юм. Хоёр хөрш орон эв зүйгээ ололцож, Зөвлөлтийн цэрэг Монголоос гарсан цагаас монголчууд бидэнд өөрийн үндэсний эрх ашгаа зарлан тунхаглаж, аюулгүй байдал гэдэг ойлголт, түүнийг хэрхэн хангах бодлогоо дотооддоо тодорхойлох, гадаадад хөрш орнууд болон бусад улс оронд ойлгуулж амар тайван амьдралаа баталгаажуулах шаардлага тулгарсан.
Чухам ийм л шаардлагын үүднээс тухайн үеийн төр засгийн шийдвэрээр энэ асуудлыг судалж төрийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилгоор Стратегийн судалгааны хүрээлэн гэж байгууллагыг байгуулсан байдаг.
Намайг сургууль төгсч ирээд анх ажилд ороход манай хүрээлэн цөөн судлаачтай, цомхон бүрэлдэхүүнтэй боловч хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг батлан хамгаалах, гадаад харилцааны салбарт хүчин зүтгэж ирсэн ахмад, дунд үеийн голдуу сайхан хамт олон угтаж байсныг одоо ч дотноор дурсан санадаг. Хүрээлэнгийн удирдлага судлаачдынхаа эгнээг залуусаар тэлж, зааж сургах бодлого барьж байсны хүрээнд энэ үүд сайтай байгууллагад анх ажилд орсон залуусын нэг нь би.
Миний араас намайг ажиллах хугацаанд англи, орос, хятад хэлтэй залуучуудыг судлаачаар авч ажиллуулж байсны дунд З.Пагмажав байсан. Улсын багшийн их сургуулийн хятад хэлний ангийг төгссөн, хөдөө төрж, багаасаа хагас өнчин, олуулаа өссөн, амьдралын төлөө тэмцэх эрмэлзэлтэй, хамт олонтойгоо эвлэгхэн, ажилд зүтгэлтэй, жирийн л нэг монгол бүсгүй. Би 2005 онд хүрээлэнгээсээ өөр ажилд шилжих хүртлээ З.Пагмажавтай гурван жил гаруй хамт ажиллахдаа түүний талаар их л нааштай бодолтой үлдэж билээ.
Түүнээс хойш тус тусдаа ажил амьдралын мөр хөөж явсаар 2011 оны зунаас З.Пагмажавтай дахин хамт ажиллах болсон юм. Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үед миний реферэнт бүсгүй хүүхэд төрүүлэх болж З.Пагмажав түүний оронд 9 сар орчим хугацаанд надтай хамт ажилласан. 2012 оны сонгуулийн дүнгээр УИХ-ын гишүүнээр ажиллах болсон цагаас ажилд сэтгэлээсээ ханддаг чанарыг нь үнэлж З.Пагмажавт би өөрийн зөвлөхөөрөө ажиллуулах хүсэлт тавьж, иргэд, олон нийттэй ажиллах үүрэг оногдуулсан юм.
Хань ижилдээ түшиг болж амьдралаа өөд татах, хоёр балчир хүүхдээ эхийн халамжаар дутаахгүй байх, нэг өрөө байрныхаа зээлийг төлөх, хүнд өвчин туссан аавыгаа асрах гээд амьдралын чамгүй ачааны хажуугаар элдэв шалтаг зовлон тоочихгүйгээр өмнөх ажлаа амжуулах гэж зүтгэдэг байсанд нь одоо ч талархдаг. Багаасаа амьдралын хатуу хүтүүг туулсан эмэгтэй хүний хувьд зовж зүдэрсэн, дэмжлэг туслалцаа хүссэн хүмүүст чадах чинээгээрээ туслах гэж зүтгэдэг байсныг нь хэлэх хүн олон. Өнөөдөр ч бие нь ямар байгаа вэ гэж сураглах, ганц цайны сүү, хонины мах өгчих юмсан гэж санаа тавих, шинэ жил цагаан сараар хүртэл Пагмаагийн хүүхдүүдэд өгүүлээрэй гэж бэлэг явуулах хүн ялангуяа Эрдэнэтийнхний дунд олон бий. Тэр бүрт хамт ажилладаг охид маань нулимсаа цийлэлзүүлж байгааг харах гашуун. Миний мэдэх, бас хамт ажиллаж, сурч байсан хүмүүс нь, нутаг усныхан нь гээд олон хүний гэрчлэх З.Пагмажав ийм л хүн.
“ТАГНУУЛ”-ЫН ХЭМЭЭХ ХЭРЭГ
2015 оны хаврын нэгэн өдөр Тагнуулын байгууллагын удирдлага надад З.Пагмажавыг гадаадын тусгай албаны ажилтантай холбоотой байсан эсэх талаар сэжиглэн шалгаж эхэлсэн тухай албан ёсоор дуулгасан. “З.Пагмажавын ажлынхаа гадуур хийж байсан үйл ажиллагаатай холбоотой” байсан тухай битүү хатуу мэдээлэл өгч, хэргийг шалгахад хүндрэл учруулахгүй байх үүднээс ажлаас нь яаралтай чөлөөлж өгөх хүсэлт тавьсан юм. Хамт ажилладаг залуустаа хүний ёсоор итгэж явдгийн хувьд шалгаад үнэн мөн нь удахгүй тогтоогдоод буцаад ажилдаа орох байлгүй дээ гэсэн бодлоор З.Пагмажавыг ажлаас нь чөлөөлсөн.
Шүүх хурлын өмнө түүнтэй уулзахад “Надад санаатай хийсэн хэрэг байхгүй. Улсын нууц мэдээлэл олж авсан, хүнд дамжуулж өгсөн зүйл байхгүй. Миний орчуулга хийж өгсөн хүмүүс цаанаа далд ажилтай байсан эсэхийг би мэдэхгүй. Шүүхээр ороод цагаадаад гарах байх аа” гэсэн итгэлтэй байсан нь намайг тайвшруулж байлаа.
Тайван байх бодитой шалтгаан ч надад байсан. Төрийн нууц гэдэг хаа сайгүй ширээн дээр хөглөрч байдаг эрээн цаас биш ээ. З.Пагмажав төрийн нууцтай харьцдаггүй. Миний хувьд ч хуулийн дагуу Ерөнхийлөгчийн зөвлөх байхдаа ч, УИХ-ын гишүүний хувиар ч улсын нууц бичиг баримттай шаардлагатай үед гарын үсэг зурж танилцахаас бус нууц бичиг баримт хадгалдаггүй. Нөгөө талаар Төрийн нууцын хуулиар хэрэв нууц алдагдсан бол түүнийг хадгалж хамгаалах үүрэгтэй төрийн нууц хариуцдаг албан тушаалтан нэн түрүүнд хариуцлага хүлээдэг. З.Пагмажавын ажиллаж байсан аль нэгэн байгууллагын нууцын ажилтан З.Пагмажавт нууц бичиг баримт өгч хариуцлага алдсан, шалгагдсан тухай асуудал огт гараагүй байдаг. Хэдэн жилийн өмнө УИХ-ын тамгын газрын нэгэн ажилтан өөрийн хариуцаж байсан УИХ-ын даргын айлчлалын хөтөлбөр, агуулгыг нууц байх үед нь Оросын элчингийн ажилтанд дамжуулсан хэргээр ял сонссон гэх хэрэг гарч байсан. Үүн шиг тийм мэдээллийг тэгж задруулсан гэх барин тавин нотолгоотой зүйл ч сонсоогүй.
Миний энэ таамаг, итгэл үнэмшил зөв байсан нь өнөөдөр нэгэнт тодорхой болж, З.Пагмажав төрийн нууц задруулсан тухай асуудал огт тогтоогдоогүй болохыг өмгөөлөгч нь хэлж байгаа. Харин “хамтран ажилласан…” гэдэг үгс л энэ хэргийн эргэн тойронд сонсогдож байна. З.Пагмажавын орчуулга хийж өгч тусалсан гэх хүмүүс хэн байсан, З.Пагмажав түүнээс болж буруудах бодитой үндэслэл, шалтгаан байгаа эсэхийг би харамсалтай нь тогтоох боломжгүй.
Анхан шатны шүүх хурлаас түүнд Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалт буюу “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан…” гэх үндэслэлээр 16 жилийн ял оноосон нь үнэхээр цочирдмоор үйл явдал байлаа. Хэдэн сарын дараа давж заалдах шатны шүүхээс З.Пагмажавыг гэм буруутайд тооцож яллах хангалттай нотлох баримт тогтоогдохгүй байна гэж үзээд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
З.Пагмажавын авсан ялын хугацаа төдийгүй “эх орныхоо тусгаар тогтнол… батлан хамгаалах хүчин чадалд хор хохирол учруулах зорилгоор… дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан…” хэмээн хөврөх үгийн агуулга нь хүртэл энхийн цагт ажиллаж амьдарч яваа хэн хүний хувьд санаанд огт багтамгүй.
Хүйтэн дайны үед тогтоосон Эрүүгийн хуулийн зүйл заалт өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй хэвээр явж байгаа нь энэ. Монгол Улс 1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсан цаг мөчөөс бүх улс оронтой энх тайванч, найрсаг харилцаатай байх бодлого барьж ирсэн. Дайсан буюу дайсагнагч гэж зарласан улс орон ч, байгууллага ч, хүн ч одоогоор манай улсад байхгүй. Эрүүгийн хууль дахь дайны цагийн зүйл заалт өнөөг хүртэл хэвээр явж ирсэн нь нэг л өдөр хүний амьдралыг аянга мэт ниргэх том эрсдэл агуулж байсныг З.Пагмажавын түүх гашуунаар мэдрүүлж байна.
Нөгөө талаас хүний эрхийг дээдэлдэг Үндсэн хуультай ардчилсан орны хувьд З.Пагмажавыг буруутгаж байгаа бол юуны түрүүнд үнэхээр эх орныхоо эсрэг зорилго агуулж байсан эсэхийг нь хөдлөшгүй баримтаар тогтоох ёстой гэсэн санаа Эрүүгийн хуулийн 79.1 дэх зүйл заалтыг уншаад үзэхэд л тодорхой харагддаг. Үүнийг туршлагатай хуульчид, судлаачид ч бүгд хэлж байгаа.
Зорилго сэдлийг нь үл харгалзан “хамтран ажилласан” гэдэг хоёр үгэнд бүгдийг тохох аваас ард нь нэг хүний, нэгэн гэр бүлийн энэ насны амьдрал сүйрч болох томоохон эрсдэл оршиж байгаа бус уу. Орчуулга хийж өгсөн, санаандгүйгээр тусалсан гадны хүн нь тусгай албаны хүн байсан гэдэг үндэслэлээр ажлаа хийж явсан хэн нэг орчуулагч, эсвэл таксины жолооч буруудахгүй байх баталгаа манайд байна уу. Монголд ажиллаж амьдарч байгаа гадны хүмүүс цаанаа аль нэг орны тусгай албатай холбоотой эсэхийг манай иргэд хэрхэн мэдэх вэ? Олон улсын харилцаа хөгжиж, дэлхий улам хавтгайрч байгаа цаг шүү дээ.
З.Пагмажавын гэр бүл, ах дүүсийн хувьд ч, хамт ажиллаж байсан бидний хувьд ч тэр яаж ч алдаж эндлээ гээд үр хүүхэд нь гишгэж яваа төрсөн газар шороо, эх орныхоо эсрэг санаатайгаар тэрсэлсэн зүйл хийх учиргүй гэдэг хатуу итгэлтэй байгаа. Арван зургаан жил хоригдох хэмжээнд улс орондоо санаатай хохирол учруулсан зүйл байх ёсгүй, түүнд Монголын төр хүнлэг, шударга хандана гэсэн хатуу итгэлээ хадгалсаар, хуулийн байгууллагад итгэж, ажилд нь хүлээцтэй, хүндэтгэлтэй хандсаар байна.
Хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцсаны дараа тэр хүнд мэс засал хийлгэж, ямар ч гэсэн хоёр бүлтэгнэсэн хүүхдийнхээ элгийг дэвтээж хамт байгаа. Гэхдээ цаашид яах бол гэдэг айдас түгшүүр амьдралд хөлөө олж ядаж яваа энэ залуу гэр бүлийг нөмөрсөн хэвээр байна.
“ТАГНУУЛ” ХЭМЭЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖИЛЛАГАА
З.Пагмажав буруутай эсэхийг шалгаж тогтоох нь хуулийн байгууллагын ажил. Харин үүнийг ашиглаж эргэн тойронд нь өрнөж байгаа үйл явдлыг ажвал анхаарал татахгүй байхын аргагүй дүр зураг тодорно. “Бөөсний онигоо” гэдэг шиг “З.Пагмажав… гэж эхлээд М.Батчимэг Тайваньд ажиллаж байсан” гэж дуусдаг тагнуулын тухай цуврал үлгэр харин З.Пагмажавыг биш, намайг онилсон миний эсрэг улс төрийн кампанит ажиллагаа. Үүнд эргэлзэх зүйл үгүй.
Наймдугаар сард болсон анхан шатны шүүх хурлаас иргэн З.Пагмажавт ял оноосон тухай товч мэдээлэл тухайн үед хэвлэлээр цухас мэдээлэгдээд өнгөрсөн. Тагнуулын байгууллагын шалгаж байгаа асуудал, шүүх хурал бүгд хаалттай, нууц явагддаг. Хэчнээн эргэлзэж байлаа ч төрийн хууль УИХ-ын гишүүнд ч адил үйлчилдэг болохоор шүүх хурлын тухай нээлттэй эргэлзээ дэвшүүлж, асуудлыг улс төржүүлж олон нийтийн анхааралд аваачих ёс зүй надад байгаагүй.
Гэтэл түүнээс бүтэн гурван долоо хоногийн дараа буюу Ардчилсан намын бүлэг тухайн үед улс төрийн төдийгүй олон нийтийн хүрээнд ихээхэн анхаарал татаж байсан Өршөөлийн хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах шийдвэр гаргасны маргааш өглөө нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийн зөвлөх гадаадын тагнуул байсан тухай мэдээлэл хэвлэлээр шуугиан тарьж эхэлсэн юм.
Нэг өдрийн дотор бараг бүх сонин, сайт, телевизээр нэгэн зэрэг дуулиан болон цацагдсан тэдгээр мэдээлэл надад “мэдээллийн дайн” гэдэг зүйлийг өөрийн эрхгүй санагдуулж байсныг одоо ч тод санаж байна.
Энэ явдлаас хоёр гурав хоногийн өмнө Төрийн ордонд таарсан нэгэн сэтгүүлч “зөвлөхийнхөө тагнуулын хэргийг тайлбарлаж өгөөч” гэх өдөөн хатгасан өнгө аястай зүйл асуухад би тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гээд л өнгөрсөн. Яг тэр өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудаснаа “УИХ-ын гишүүний зөвлөхийн эх орноосоо урвасан хэргийг өршөөлийн хуульд хамруулах гэж байна” гэх утгатай зүйл бичсэн байлаа. Энэ хоёр үйл явдлын дараа надад зарим хүмүүс энэ асуудлыг зорилготойгоор улс төржүүлэхийг хичээж байгаа юм байна даа гэх бодол төрсөн.
Хэвлэлээр гарсан бүх мэдээллийг харьцуулж нягталж үзэхэд хоёр зүйл өөрийн эрхгүй анхааралд өртсөн юм.
Нэгд. Нэлээд олон мэдээнд З.Пагмажавын нэрийг хүртэл Ханджав гэхчлэн эндүүрч дурдсан боловч миний намтрыг, тэр дундаа миний Бээжинд их сургууль төгссөнийг, Тайваньд ажиллаж байсныг дэлгэрүүлэн бичсэн нь З.Пагмажавын асуудлыг ямар ч хамаагүй аргаар надтай холбох зорилго тавьж байгааг харуулж байлаа.
Хоёрт. Ардчилсан намын бүлэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээн авах болсныг, тэр дунд “эх орноосоо урвасан”, “тагнуул хийсэн” хэргийг өршөөх асуудлаар Ерөнхийлөгч Ардчилсан намын гишүүдтэй тохирсон тухай мэдээлэл байлаа.
Олны анхаарал татсан энэ бүх мэдээлэл нэгд М.Батчимэгийг ямар ч хамаагүй аргаар “эх орноосоо урвасан хэрэг”-т холбоотой гэх ойлголтыг олон нийтэд өгөх, хоёрт өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг харлуулах зорилго агуулж байсан нь илэрхий байв. Ерөнхийлөгчийн хориг үнэн хэрэгтээ албан тушаалтны авилгын хэрэгтэй холбоотой байснаас бус З.Пагмажавын ял авсан зүйл заалттай огтхон ч холбоогүй байсан. Ардчилсан намын бүлэг дээр ч ийм асуудал огт яригдаагүй. Харин хоригийн асуудалд хэн ингэтэл эмзэглэсэн нь сонин байлаа.
Тухайн үед Үндэсний телевизээс тайлбар хийх хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгсөний дараа олон хүний эргэлзээ тайлагдаж, ихэнх хэвлэл мэдээлэл ч энэ асуудалд төв байр сууринаас хандаж эхэлсэн юм.
Харин зорилготой гүтгэлэг зогссонгүй. Үүнийг зориудаар зохион байгуулагчид энэ сэдвийг давтамжтайгаар дэвэргэж, олны анхааралд байлгахыг одоо ч хичээсээр. Тагнуулын байгууллагаар шалгагдаж, ял авсан Б.Чинбаяр гэж миний огт танихгүй хүнийг миний туслах байсан мэтээр дахин гүтгэлэг түгээж “зөвлөх, туслах хоёр нь хоёулаа тагнуул…”, “хоёр туслах нь тагнуул” гэхчлэн үргэлжлүүлсээр байна. Гэхдээ энэ сэдвийг зориудаар хөндөж нийтэлдэг хэдхэн нэр бүхий сайт, твиттер, фэйсбүүкийн орчинд нэр нүүрээ нуусан хоёр гурван тодорхой аккаунт, захиалгатай сэтгэгдэл бичдэг хэд хэдэн тогтмол IP хаяг л байдаг юм.
Улс төрийн хүрээнд энэ асуудлыг хамгийн их шохоорхож, ил зарлаж, зав л гарвал ярьж явдаг хүн бол энэ жилийн сонгуульд Орхон аймагт нэр дэвшихээ зарлаж яваа УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Гэхдээ тэр бусдын тавьсан сум нь болохоос нум нь ч биш. Хэний зараалаар, ямар зорилгоор ярьж явдгийг нь цаг хугацаа олон түмэнд харуулах биз ээ.
О.Баасанхүү энэ талаар УИХ-ын чуулган дээр ч, хүмүүсийн дунд ч далим л гарвал ярьж явдаг. Тагнуулын байгууллагаас “…энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Батчимэгийг шалгах ямар нэг үндэслэл байхгүй” гэдгийг тухайн үед хэвлэлээр мэдэгдэж л байсан. УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд ч ийм албан ёсны бичиг ирүүлсэн байдаг. О.Баасанхүү үнэхээр улс орны эрх ашгийн төлөө санаа зовсон бол тагнуулын байгууллагад, эсвэл УИХ-ын тусгай хяналтын дэд хороонд албан ёсоор хандаад УИХ дотор тагнуулын хэрэгт холбоотой, эсвэл сэжиглэгдэж байгаа хүн бий эсэх талаар мэдээлэл авчих боломж уг нь бий. “Ажиллагаа”-г сонирхолтой, сунжирсан байлгахын тулд зориудаар “мартдаг” биз дээ.
ХАР ТАМХИ, МҮҮН, ТАГНУУЛ…
Ямар ч хамаагүй аргаар гутаан доромжлох гэсэн энэ “ажиллагаа” зөвхөн миний эсрэг өрнөж байгаа юм биш ээ. Х.Тэмүүжингийн “хар тамхины хэрэг”, Л.Гантөмөрийн “мүүн” … гээд л цааш үргэлжилнэ. Ихээхэн мөнгө зарж, олон нийтийг цочоож бухимдуулан байж нийгэмд цацсан энэ бүх үлгэрийн ард үлдэх үнэн гэж үгүй.
Монголд сонгууль болох бүрт моод болж ирсэн нэгэн сэдэв бий. Тэр нь хятадын эрлийзүүдийг олж тогтоох. Олон нийт энэ сэдвээс залхаж сонирхохоо болилоо гэв үү, аль эсвэл “тагнуул” нь илүү шинэ моод болно гэж үзэв үү. Юутай ч энэ жилийн сонгуулийг угтаж М.Батчимэгийг “хятадын тагнуул”, эсвэл “тайваний тагнуул” болгох ажиллагааг зорилготойгоор амилуулахыг хүсэгчид цөөн биш байх бололтой. Улс төрд магтуулах гэж орж ирээгүй болохоор учиргүй эмзэглэж сүйд болох юм алга. Тиймдээ ч доромжилсон бүхэнд хариу барих гэж цоролзож явсан удаагүй.
Харин сонгуульд ялахын тулд, эсвэл хэн нэгнийг зорилготойгоор унагахын тулд улс орныхоо гадаад нэр хүндийг гутааж, үндэсний үзлээр улс төр хийх арчаагүй улс төртэй эвлэрээд суухгүй. Эх орон хэмээх сайхан үгээр халхавч хийж, дотоодын өрсөлдөгчөө гутаахын тулд, нийгмийн анхаарлыг өөртөө татахын тулд гадна хөршөө үзэн ядуулах сэтгэлзүйг дэврээх нь эх орончийн хийдэг ажил лав биш. Оросыг, эсвэл Хятадыг үзэн ядах сэтгэлгээг дэврээх нь, тэд Монголын төрд тагнуулаа шургуулж дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гэж “сенсаацлах” нь Монголын эрх ашиг биш. Олон нийт энэ асуудалда сонор соргог хандах нь туйлын чухал билээ. Намар хаврыг дамжин үргэлжилж байгаа “тагнуул”-ын хэмээх сенсаацтай хэрэг, түүний эргэн тойрон дахь үйл явдлын талаарх бодлоо уншигч тантай хуваалцахад ийм байна.
УИХ-ын гишүүн М.БАТЧИМЭГ
2016 оны 5 дугаар сарын 16