Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нууранд дөрвөн иргэн осолдож, өөд болсны хоёрынх нь цогцсыг олж, нөгөө хоёр нь олдохгүй байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн. Буйр нууран дахь эрлийг өчигдрөөс эхлэн зогсоосон юм. Хэрэг явдал өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-ний өдөр гарч, Буйрт загасчилж явсан дөрвөн иргэн завьтайгаа нууранд осолдсон. Аврагчид иргэн Б, Г нарын цогцос болон иргэдийн завийг аврагч нар олсон. Харин иргэн Б, М нарын цогцсыг эрэн хайх ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон тул ар гэрийнхний нь зөвшөөрлөөр эрлийг зогсоогоод байгаа тухай ОБЕГ-ын албан сайтад мэдээлжээ.
Аврагчид 22 хоногийн турш нууранд осолдсон иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, нийт 120 гаруй удаагийн шумбалт хийжээ. Аврагчид 3,5-9 метрийн гүнд шумбаж байжээ. Эрлийн багт ОБЕГ-ын Аврах тусгай анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0306 дугаар анги, орон нутгийн иргэд нийт 40 гаруй хүн оролцсон байна.
Буйр нуурын мөс гүйцэд хайлаагүй, мөс, давалгаа ихтэй, салхины хурд 9-14 м/с, зарим үед 18 м/с хүртэл ширүүсч байсны сацуу усан дотор 20 см-ээс цааш үзэгдэх орчин хязгаарлагдмал, нуурын ус бохирдол ихтэй, булингартай байсан байсан нь аврагч нарт хүндрэл учруулсан байна.
Д.ЦЭЭНЭ