Бүгд Найрамдах Чех улсын Параг хотын үндэсний байгаль хамгаалах хүрээлэнгээс дөрвөн тахь авчирч, эх нутагт нь нутагшууллаа. Ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ ажлыг хоёр улсын гэрээний дагуу хэрэгжүүлсэн юм. Бороо, салхи л эмээллэх хувьтай энэ хийморьлог амьтныг 1881 онд шинжлэх ухааны ертөнцөд бүртгэж, Төв Азиас анхлан олсон жуулчин Пржевальскийн нэрээр нэрлэн Пржевальскийн адуу гэх болсон билээ. Байгаль дээр зэрлэгээр амьдарч байсан тахь өнгөрсөн зууны 60-70-аад оны үед бараг устаж, зөвхөн маллагаанд байсан цөөн тооны тахь үлдсэнийг Прага хотын Зоопаркт хүргэж, тохирох горим маллагаанд өсгөн үржүүлсэн. 1990-ээд оны үеэс Европын байгууллагуудын хөрөнгөөр тахийг Монголд эргүүлэн нутагшуулах арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд сүүлийн 20 жилийн хугацаанд хөрөнгө санхүүжилтийн дутагдлын улмаас зогсонги байдалд ороод байсан юм. Энэ үед Параг хотын Зоопарк, БНЧУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тусгай онгоцоор тээвэрлэн ирж, хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн энэ явдал нь манай хоёр орны олон жилийн нөхөрлөлийг бататгалаа. Чех улсаас тээвэрлэн авчирсан хоёр настай нэг азарга, 3-4 настай гурван гүүг Ховд аймгийн Хар-Ус нуурын БЦГ-ын орчны бүс нутаг болох Завхан аймгийн Онц байгийн нутаг Хомын талд нутагшуулсан юм гэж ТХНУГ-ын мэргэжилтэн Т.Пүрэвсүрэн мэдээллээ.