Дэвид Гоулд: Малчин ухаанаар байгалиа хамгаалах хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

Дэвид Гоулд: Малчин ухаанаар байгалиа хамгаалах хэрэгтэй

“Малчин хүн малаа тогтвортой өсгөхийн тулд бүгдийг нь хүнсэндээ хэрэглэдэггүй шүү дээ. Жилд тодорхой хэмжээгээр хүнсэндээ хэрэглэдэг. Энэ арга технологио байгаль, экологио хамгаалах хэрэгтэй байна” хэмээн Англи улсын иргэн Дэвид Гоулд хэлсэн юм.

Тэрээр өнөөдөр /05.17/ “Ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хотын асуудлууд” сэдвээр сэтгүүлчдэд лекц уншлаа. Тэрээр архетиктур мэргэжилтэй бөгөөд байгаль, экологийн талаар нийтлэл бичих сонирхолтой нэгэн ажээ.

Түүний илтгэлд ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжихөд дэлхий дахин хэрхэн нөлөөлж буй болон Монгол Улс, Улаанбаатар хот ямар байгааг хөндсөн юм. Өнгөрсөн жил Парис хотноо дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцсэн НҮБ-ын дээд хэмжээний 21 дэх удаагийн уулзалт болсон. Энэ уулзалтын үеэр дэлхийн дулаарлын хэмжээг 1.5 хувиас хэтрүүлэхгүй байхаар зорилт тавьсан хэдий ч энэ зорилт алдагдаж байгааг дурдлаа.

Мөн сүүлийн жилүүдэд монгол оронд хур тунадасны хэмжээ багассан. Энэ цаг агаарын нөхцөл байдал удаан үргэлжилбэл бэлчээр, тариалангийн бүс нутаг, ой хээрийн бүс хуурайших болно. Монголын өмнөд хэсэгт цөлжилт явагдана гэдгийг сануулж байлаа. Харин Монгол орны хойд нутгаар цөлжилт харьцангуй бага байгаа хэдий ч усыг зохистой хэрэглэж чадахгүй байна гэв.

Мөн тэрээр Улаанбаатар хотод хүн ам хэт төвлөрснөөс үүдэн байгалийн тэнцвэр алдагдаж байгааг дурдаж байлаа. Мөн Туул голын усны хагалбар газарт байгууламж барих, цэвэрлэх байгууламжууд бохироо урсгах, усыг нь зохисгүй хэрэглэх зэрэг байгаль, экологийн аюул учирч байгааг онцолж байв.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж