Монгол Улсад төдийгүй нийслэлд мал, амьтны гоц халдварт өвчлөл гарах тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдсэнийг өнөөдөр болсон нийслэлийн Мал эмнэлгийн нэгдсэн байгууллагуудын зөвөлгөөнөөр онцолж байлаа. Иймээс аж, ахуйн нэгж иргэдийн зах зээлд нийлүүлэх малын гаралтай бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйд онцгой анхаарах шаардлагатай болжээ. Нөгөө талдаа энэ тулгамдсан асуудлыг зохицуулдаг хууль, эрх зүйн орчин байхгүйгээс малын гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэвэрт тавих хяналт орхигдсон байна. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг Засгийн газраас өнгөрсөн долоодугаар сард УИХ-д өргөн барьсан билээ. Хуулийн төсөлд гадна, дотно зах зээлд гаргах мах, махан бүтээгдэхүүнийг заавал зориулалтын нядалгааны үйлдвэр, цехүүдэд бэлтгэдэг байхаар тусгажээ. Ингэхийн тулд шинээр 12 мах бэлтгэлийн үйлдвэрийг нэг газар төвлөрүүлэх бус олон бүсэд хуваан байгуулна гэж Хүнс, хөдөө аж ахуйн яам төлөвлөжээ. Харин иргэдэд өөрсдийн өдөр тутмын хэрэгцээндээ хэрэглэх мал, махыг уламжлалт аргаараа гэрийнхээ гадна төхөөрөх эрхийг нь хуулиар зохицуулж үлдээсэн байна. Монгол Улс нэг жилд 10 гаруй сая малыг мах болгон бэлтгэж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Салбар яамнаас нь тооцсон 12 нядалгааны үйлдвэр баригдвал дээрх бэлтгэх малын 20 саяд хүрэх юм.
Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй 10 гаруй шинэ төрлийн мал, амьтны халдварт өвчин 2006 оноос эхлэн гарах болжээ. Жишээлбэл, гахай, шувууны тахал, хонины уушгийн гоц өвчин нь анх удаа Монголд гарсан байна. Харин малаас хүнд халддаг гоц халдварт шүлхий, боом, галзуу өвчлөл гарах тохиолдолууд ойртож эхэлжээ. Ингэж мал, амьтны гоц халдварт өвчлөл гэнэт ихсэх болсон нь цаг агаарын өөрчлөлт, дулааралтай холбоотойг малын их эмч Ц.Гантөмөр тайлбарлалаа. Мөн гадны улсуудаас оруулж ирсэн хурдан удмын адуу, сүү ихтэй фермерийн үнээгээр халдвар Монгол малд халдах нэг шалтгаан болжээ.
Мал, амьтны гоц халдварт өвчнийг устгаж, голомтыг арилгахын тулд мал эмнэлгийн байгууллагууд нэгдсэн бодлоготойгоор тариа, вакцинаа сайн нөөцөлдөг байхыг эмч нар учирлаж байна. Мөн мал, амьтанд тарих дархлааны вакциныг хугацаа алдалгүй хийдэг болох ёстой аж.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ