Туркийн төлөөлөгчид аймгуудад айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

Туркийн төлөөлөгчид аймгуудад айлчиллаа

Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз тэргүүтэй төлөөлөгчид тавдугаар сарын 11-15-ны өдрүүдэд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудад ажлын айлчлал хийлээ. Төлөөлөгчид хоёр улсын орон нутгийн засаг захиргааны хоорондын  харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, худалдааны салбар дахь боломж нөхцөлийг судлах, Туркийн соёлыг таниулан сурталчлах, тус ЭСЯ-ны олон нийтэд нээлттэй дипломат ажиллагааг дэмжих зорилгоор хийсэн энэхүү айлчлалынхаа хүрээнд орон нутгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, орон нутгийн бизнес эрхлэгчид, оюутан залуустай уулзаж, хэвлэлд мэдээлэл өглөө.  

Элчин сайд Мурат Карагөз Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэтэй хийсэн уулзалтаараа хөдөө аж ахуй болон аялал жуулчлалын салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар санал бодлоо солилцож, Архангай болон Туркийн Айдын хотууд хоорондын ах дүү хотын харилцааг сэргээхэд анхаарч ажиллахаа мэдэгдлээ. Мөн түүх, соёлын үнэт өв Тайхар чулууг үзэж сонирхсон юм.

Төлөөлөгчид Баянхонгорт аймагт хийсэн айлчлалынхаа үеэр орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтдаа эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцсан байна. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан болон бусад орон нутгийн удирдлагуудад Туркийн жижиг, дунд үйлдвэрлэл болоод түүний Туркийн эдийн засаг дахь үүргийн талаар мэдээлэл өгч, аймгийн Политехникийн коллежийн оюутнуудтай уулзлаа.

Элчин сайд Мурат Карагөз тэргүүтэй төлөөлөгчид Турк Улсын хувьд түүх, соёлын өндөр ач холбогдолтой Өвөрхангай аймагт хийсэн айлчлалынхаа хүрээнд Засаг дарга Д.Тогтохсүрэнтэй уулзаж, газар тариалан, мал аж ахуй болон аялал жуулчлалын салбарын хөгжилд чиглэсэн асуудлуудыг авч хэлэлцлээ. Мөн Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ТИКА-гаас хэрэгжүүлж буй Өвөрхангай аймгийн дэд бүтцийн хөгжилд чиглэсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, Хархорин хотын аялал жуулчлалын боломж нөхцөлийг нэмэгдүүлэх зорилгоор илүү олон ажил зохион байгуулах хэрэгтэй байгааг онцоллоо.

Төлөөлөгчид орон нутгийн бизнес эрхлэгчид болон оюутнуудтай хийсэн уулзалтуудынхаа үеэр Туркийн аялал жуулчлалын хөгжлийг харуулсан “Истанбулын нууц” баримтат киног үзүүллээ.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж