Италийн хамгийн өндөр настай хүн урт насалсны нууцаа ганц бие байж, өндөг идэж байсантай холбон тайлбарлажээ. Өдгөө 116 нас, 169 хоногтой итали эмгэн Эмма Мораног өнгөрсөн даваа гаригт Гиннесийн дээд амжилтын номд бүртгэсэн байна.
1899 онд төрсөн Эмма Морано өөрийгөө гурван зууныг үзэж буй цорын ганц хүн гэж ярьдаг байна.
Эмма Морано урт удаан, энх тунх насалсан нь өдөрт хоёр өндөг иддэг байсантай холбоотой гэжээ. Эмчийн зөвлөснөөр өдөрт хоёр өндөг идэх нь ой ухаан муудахаас сэргийлдэг гэдэгт итгэдэг байна.
Тэрбээр мөн урт насалсны бас нэг нууц нь ганц бие явж ирсэнтэй нь холбоотой гэж үздэг аж. Эмма 1938 онд гэрлэсэн ч гэрлэлт нь бүтэлгүйтсэнээс хойш дахин хүнтэй суугаагүй гэнэ. Хэдийгээр түүнд олон эрчүүд сэтгэлээ илчилж байсанч Эмма ганцаараа амьдрахыг илүүд үзэж, хүлээж аваагүй ажээ.
Саяхнаас дэлхийн хамгийн өндөр настай хүн хэмээх гуншинтай болсон Эмма өөрийгөө “Би энэ толгод шиг л урт настай” хэмээн ярьдаг гэнэ.
Н.ЭНХ