Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээн тавдугаар сарын 7-15-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус тэмцээнд эмэгтэй 17 баг өрсөлдсөнөөс “Аврагч” баг түрүүлж, “Эрчим”, “Хилчин” багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.
БНСУ-ын иргэн Жан Жи Хунг эзэнтэй “Монти” баг “Аврагч” хорооны нэрийн өмнөөс оролцож, их наадмын түрүүг хүртсэн юм. Ингээд тус багийн шилдэг тоглогчдын нэг спортын дэд мастер Г.Хонгорзултай цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр XIV их наадмын шилдэг довтлогчийн шагналыг хүртсэн юм.
-Юуны өмнө их наадмын аварга болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын олимп болсон их наадамд тамирчин бүр оролцох хүсэлтэй байдаг. Харин энэ наадмын аварга цолыг хүртэнэ гэдэг бол тухайн хүнээс маш их ур чадвар, бэлтгэлийг шаардана. Тиймээс наадамд өрсөлдөх хэмжээний бэлтгэлтэй байж, шилдгүүдтэй өрсөлдөх боломж нээгдэнэ. Миний хувьд энэ наадамд анх удаа орлоо. Бас багаараа аваргын цомыг хүртлээ. Мөн шилдэг довтлогчийн шагналыг гардлаа. Сайхан байна. Яагаад гэхээр ялалт бүхэн амар ирээгүй. Тэр дундаа их наадмын аварга бол дэндүү үнэтэй ирлээ.
-Эмэгтэй багууд бэлтгэл сайтай байна уу даа гэж харагдлаа. Ямар ч баг алтан медалийн төлөө өрсөлдөх боломжтой гэдэг нь эхний тойргуудаас харагдаж байлаа. “Аврагч” багийн хувьд эхний хожигдлууд томоохон сургамж болсон болов уу?
-Тиймээ үнэхээр багууд хүчтэй байлаа. 17 баг дундаас хэн ч аваргын төлөө гарах боломжтой юм байгаа нь эхний тойргуудаас харагдсан. Бид зооны тоглолтуудад “Эрчим”, “Говьсүмбэр Петротрак” багуудад хожигдсон. Ер нь хэсэг бүрээс хоёрдугаар байраар шалгарч байсан. Гэвч хагас шигшээ, шигшээ тоглолтод багаараа нэгдмэл байж чадсан. Энэ жил бэлтгэл бага байсан болохоор баг маань урьдынх шигээ жигд байж чадсангүй. Гэвч энэ дутагдлыг сүүлийн тоглолтууд засаж, эсрэг багуудаа 3:0-оор хожин түрүүлсэн.
-Энэ жил бэлтгэл бага байна гэлээ. “Монти” багийн хувьд заалны асуудал хүндрэлтэй хэвээр байх шиг байна.
-“Энагурэ” багийн үргэлжлэл “Монти” баг маань олон жил заалтай болох гэж хөөцөлдсөөр байна. БНСУ-ын иргэн Жан Жи Хунг захирал маань волейболын спортыг сонирхож, олон жил бидний төлөө, Монголын волейболын спортод хувь нэмрээ оруулж явна. Захирал маань бэлтгэлийн заалтай болох гээд их хичээж байна. Энэ асуудал ганц манай багт биш бусад багуудад ч хүндрэлтэй байгаа. Энэ он гараад бэлтгэл хийх хугацаа цөөрсөн. Өмнө нь бид долоон хоногт зургаан өдөр бэлтгэлээ хийдэг байсан. Тэгвэл одоо долоо хоногт гурван удаа бэлтгэл хийж байна.
-Дараагийн тэмцээний тухайд?
-Жил бүр уламжлал болгон болдог залуучуудын УАШТ ирэх есдүгээр сард болно. Тус тэмцээнд дүү нараа аваад оролцоно доо. Мөн Зүүн Азийн эмэгтэйчүүдийн АШТ-д бэлтгэж байна. Тус тэмцээнд оролцох баг тамирчдын хувьд бэлтгэлдээ гарчихсан байгаа.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ:
“Аврагч”-ын волейболчид их наадмын аварга боллоо /2016.05.15/
Г.Хонгорзул: "Монти" амжилтаа ахиулахын төлөө хичээх болно /2016.03.18/
"Монти" баг томоохон өрсөлдөөнөөс хүрэл медаль хүртлээ /2014.5.23/
Бэлтгэсэн: Ч.БОЛОРЧУЛУУН