Засгийн газрыг “эмзэг цэг” хэмээн өөрсдийгөө нэрлэж, үүндээ ихэд итгэлтэй байсан Н.Энхбаярын улс төр хол явсангүй. 51:25 гэсэн МАН-ын өөхийг үмхчихсэн бол уг нь өөрт нь өлзийтэй байлаа. Даанч “Алтанзагас”-ны эмгэн шиг “Хаан” болно гэж томорсон биш хамаг хүмүүсээ МАН-д алдаад дуусах нь тэр. Дээр нь түүний МАХН-ын засагт орших хугацаа ч багасч байгаа бололтой. Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнгийн нэрийг МАХН дэвшүүлсэн ч байнгын хороод хүлээж авсангүй. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ЭМС-ын сайдаар С.Ламбааг томилуулах асуудлыг хэлэлцсэн байна.
Ийнхүү Шадар болох хүслээсээ болоод ЭМС-ын сайдыг өөрийнхөө намаас томилуулалгүй, зургаан сар явсны эцэст МАХН ийнхүү бууж өгч байгаа бололтой. Одоо Н.Энхбаяр болоод МАХН юу гэж улстөржсөн АН ч тэр, МАН ч тэр нохой хуцсаны дайтай сонсохгүй болов уу.
Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэгчээр, хэтэрхий их хожил хөөснөөсөө болоод Н.Энхбаяр шалдан хоцорч байна. Жилийн өмнө рейтинг нь 15 хувьтай байсан МАХН ийнхүү “шалбааг” болсон нь улс төрийн шоглоом гэлтэй. Гэхдээ өнөөдөр тус намын төлөө хэн ч нулимсаа унагахгүй байгаа нь Н.Энхбаярын улс төрөөс журмын нөхөд нь төдийгүй засагт хамтарсан Ардчилсан нам ч, сонгуульд хамтрах гээд араараа тавиулсан Ардын нам ч адилхан залхсан бололтой.
Ц.Нямдорж нэгэнтээ “Н.Энхбаяртай юм ярих хэрэггүй байдаг” юм гэгчээр МАН-ынхан даргатай нь биш гишүүдтэй нь яриад МАХН-ыг самарч дууслаа гээд хэлчихэд бодит байдлаас хол зөрөхгүй болов уу.
Б.БАТ