УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр гэнэтхэн хэвлэлийн хурал зарлаж, баахан сандарсан сурагтай. Тэрбээр сэтгүүлчдийг цуглуулан мэдээлэл хийж “УИХ-ын гишүүн М.Батчимэг намайг гүтгэсэн тул нэр төрөө сэргээлгэхээр зохих байгууллагад хандана” хэмээн мэдэгджээ. Ийн мэдээлэл хийх болсон шалтгаанаа манай цахим хуудаст тавьсан “Тагнуул хэмээх тусгай ажиллагаа” гэх нийтлэлтэй холбон тайлбарласан байх юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэгийн бичсэн “Тагнуул хэмээх тусгай ажиллагаа” нийтлэлийг уншсан хэнбугайд ч О.Баасанхүү гишүүнд хамаатуулсан ноцтой мэдээлэл үгүй гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Гагцхүү М.Батчимэг гишүүний зөвлөх З.Пагмажавыг шүүх хурал болсон өдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн твиттер хуудаснаа “УИХ-ын гишүүний зөвлөхийн эх орноосоо урвасан хэргийг өршөөлийн хуульд хамруулах гэж байна” гэх утгатай зүйл бичсэн байсныг дурджээ. Гэтэл О.Баасанхүү нийтлэлийн гол агуулгыг мушгин, өөрт хамаатуулан ойлгосон төдийгүй өрсөлдөгчийн өнгө аясаар “Би Орхонд нэр дэвшихгүй” гэсэн мэдэгдлийг хийгээд амжив.
Түүнчлэн тэрбээр “З.Пагмажавын хэрэг мөрдөн байцаалтын шатанд байхад М.Батчимэг бид хоёрын хэн нь ч түүний тухай яриад хэрэггүй” гэжээ. Энэ бол аргагүй хуульч хүний үг байна гэж дүгнэж болохоор байгаа ч тэрбээр хэдэн сарын өмнө твиттерт бичсэн жиргээндээ уг хэргийг бат нот шийдвэрлэсэн мэтээр “эх орноосоо урвасан” гэж тодорхойлсон нь хуульч гишүүний эргэж буцсан хуудуутай занг илтгээд байна бус уу.
А.Аялгуу