Хуучирсан мэдээ: 2016.05.17-нд нийтлэгдсэн

Харамсалтай нь төр, засгийн эрхийг барьж буй Ардчилсан Нам эрх мэдлээрээ түрий барин бүхнийг хүчээр, өөрт ашигтай байдлаар тохинуулан зохицуулах арга барилыг өнгөрсөн 4 жилийн турш амжилттай хэрэгжүүлснээ Сонгуулийн тойрог, мандатын тоог хуваарилах асуудал дээр ч дахин давтлаа.

Энэхүү улс үндэстний нийтлэг эрх ашиг, хууль дээдлэх ёсыг зөрчсөн үйл ажиллагааны эхний хохирогч нь Багануур хотын ард иргэд болов.

Улсын баатар Э.Бат-Үүлийн тэргүүлсэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын эрх баригчид 2015 оны 4-р сард Багануур дүүргийг хот болгох шийдвэр гаргаснаа сүр бадруулан мэдээлж, оноо шүүрэх ээлжит шоугаа хийж байв.

Хот хэр нь сумын шахуу статустай явж ирсэн багануурчууд хот болохын төлөө 95 хувийн санал өгч байсан цаг саяхан. Гэтэл эрх баригчид “Хөгжлийн цаг чинь  ирэв” хэмээн сурталдаж байснаа сонгуулийн сургаар умартаж, шинэхэн хотыг дөрөв хэсэглэн, 130 км хол орших нийслэлийн Сүхбаатар дүүргийн 59, 60, 61, 62-р тойрогт хуваан харьяалууллаа. Бие даасан засаг захиргааны нэгж, 40 шахам жилийн түүхтэй, 30 шахам мянган хүн амтай, залуусын хотоо хэсэглэн хэрчүүлж, төрд төлөөлөлгүй болж байгааг  багануурчууд эсэргүүцэж байна.

Багануур хот бол хувааж иддэг талх, эрх баригчдын албан тушаал, эрх мэдлийн хуваарилалтын бялуу биш билээ.

Ийм бусармаг үйлдэлтэй этгээдүүдийг “БҮҮ СОНГО” хэмээн уриалж байна. Бурангуй шийдвэрээ буцаан засахыг эрх баригчдаас шаардаж байна.

“ЭРХ БАРИГЧДЫГ БҮҮ СОНГО” ОЛОН НИЙТИЙН ХӨДӨЛГӨӨН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж