Усны үнийг дэлхийн төвшинд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.05-нд нийтлэгдсэн

Усны үнийг дэлхийн төвшинд хүргэнэ

УУЛ УУРХАЙД ХЭРЭГЛЭХ УСНЫ ҮНИЙГ ДЭЛХИЙН ТӨВШИНД ХҮРГЭНЭ

Байгаль
орчин, аялал жуулчлалын яам, Усны газраас дөрвөн жилд нэг удаа улс орон
даяар усны тооллого явуулдаг. Энэ жилийн ээлжит тооллого эхлээд сар
гаруйн хугацаа өнгөрөөд байна. Ээлжит усны тооллогын явц болон усны
салбарт мөрдөж эхлэх шинэ стандарт, үнийн бодлогын талаар Усны газрын
дэд дарга Ц.Сосорбарамтай уулзаж ярилцлаа.

-Усны тооллого
эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Дөрвөн жилийн өмнөх тооллоготой
харьцуулахад ямархуу өөрчлөлт гарсан байна. Хэр олон гол горхи ширгэж
алга болсон бол?

-Гадаргуугийн болон газрын гүний усыг тоолох
тооллого Монгол орон даяар бүтэн сар үргэлжилж байна. Одоогоор хэр
хэмжээний ус гол ширгэж алга болсон бэ гэдэг тодорхойгүй байна. 
Тооллогын явц 60 хувьтай байгаа болохоор ямар нэгэн  дүгнэлт гаргах
хараахан эртдэх болов уу. Тооллогоор гол горхи, нуураа тоолсноос гадна
газрын доор байгаа усны орд газруудыг тогтоох, зөвшөөрөлтэй,
зөвшөөрөлгүй баригдсан гүний худгуудын тоог гаргах ажил хийж байгаа.
Улаанбаатар хотод гэхэд л 165 зөвшөөрөлтэй гүний худаг байдаг. Тэгвэл
айлуудын хашаанд зөвшөөрөлгүй баригдсан гүний худаг цөөнгүй байгаа. Тэр
бүгдийг энэ тооллогоор илрүүлэхийг зорьсон.

-Айлын хашаанд байгаа гүний худгийг олж илрүүлэх нь ямар ач холбогдолтой юм бэ?

-Хөдөө,
хотгүй айлууд хашаандаа гүний худаг гаргах сонирхолтой болж. Төвлөрсөн
гүний худгаас хол, эсвэл хашаандаа ногоо цагаа тарьдаг айлууд
зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр гүний худаг барьж байна. Тэр гүний
худгийн химийн найрлагыг  шинжилж ахуйн чанараар хэрэглэх үү, аль эсвэл
ногоо цагаагаа тарихад ашиглах уу гэдгийг тогтоох ёстой юм. Иргэдийн
дунд янз бүрийн химийн найрлагатай ус хэрэглээд халдварт өвчнөөр өвчлөх
явдал багагүй гардаг. Тэгэхээр энэ тооллогын явцаас аль  гүний худгийн
усыг ундны усанд хэрэглэж болох вэ, алинаас нь хэрэглэж болохгүй вэ
гэдгийг шийднэ. Зарим айлуудын гүний худаг бохиртойгоо ойрхон байдаг.
Энэ нь халдварт өвчнөөр өвчлөх нэг үндэслэл болж байгаа юм.

-Уул
уурхайн салбараас болж цөөнгүй гол горхи ширгээд байгааг байгаль
хамгаалах иргэний хөдөлгөөнийхөн шүүмжилдэг. Тооллогын явцаас харахад
энэ шүүмжлэл үнэний ортой байна уу?

-Одоогоор төчнөөн гол
горхи ширгэж гэсэн тоо хэлэхэд эртдэнэ. Энэ зун хур бороо элбэгтэй
байгаа учраас хуучин ширгээд алга болсон нуур, гол горхи эргээд сэргэсэн
байна лээ.  Ямар ч байсан тооллогын явцаас харж байхад гол горхины
ширгэлт түгшүүр дэлдэх хэмжээний биш байна гэхэд болно. Гэхдээ уул
уурхайн олборлолтын ажлаас болж тодорхой хэмжээний ус бохирдож, гол
горхи ширгэж байгааг үгүйсгэхгүй. Ялангуяа хууль бусаар ашигт малтмал
олборлогчдоос болж гол горхи ихээр бохирддог. Тэд голын усанд ашигласан
бохир усаа шууд асгаж байна.

-Ширгэж алга болсон гол горхи
эргээд сэргэсэн гэдэг сайхан сонсогдож байна. Тэгэхээр гол горхи
ширгэхэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хур тунадасны байдал ч гэсэн
тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа байх, тийм үү?

-Газрын
гүний усны хэмжээ нэмэгдэхийн хэрээр гол горхи, нуур усны төвшин
нэмэгддэг.  Юуны өмнө тооллогоор  ширгэсэн гол горхид ямар хүчин зүйлс
нөлөөлж вэ гэдгийг нь тогтооно. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлтөөс
болж уу, эсвэл хүний хүчин зүйлс нөлөөлөв үү гэдгийг нь тодорхойлох юм.
Үүний дараа л ямар арга хэмжээ авахаа шийднэ. Бас ямар ажил өрнүүлэхээ ч
тооллогын дүгнэлтийн дараа тодорхой болгох юм.

-Монголд хамгийн хямд зүйл ус байна. Уул уурхайн компаниуд ч хамгийн хямд үнээр ус худалдаж авдаг нь худлаа биш биз дээ?

-Үнэн.
Усны үнэлгээ өнөөдөр Монголд хамгийн муу байгаа. Уул уурхайн компаниуд
нэг тонн усыг ердөө 180 төгрөгөөр худалдан авч байна. Гэтэл иргэд 40
литр усыг 40 төгрөгөөр худалдан авдаг шүү дээ. Бусад орнууд уул уурхайн
компаниудад худалддаг усаа нэг тонныг нь  гурван еврогоор зардаг. 
Монголыг олон улсын төвшинтэй харьцуулах юм бол ердөө нэг центээр нэг
тонн усыг зарж байна гэсэн үг. Тэгэхээр эхлээд усны экологи эдийн
засгийн үнэлгээг нь гаргах ёстой. Хүн өндөр үнээр худалдан авч байгаа
зүйлдээ тооцоотой хянуур ханддаг. Үнэ багатай зүйлийг огт хэмнэхгүй,
хайрлахгүйгээр хэрэглэнэ шүү дээ. Тиймээс усыг үнэтэй болгох асуудлыг
ярьж байгаа. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ажлын
хэсэг гаргасан. Тэр ажлын хэсгийг би ахалж байна. Уул уурхайн томоохон
төслүүд хэрэгжихийн хэрээр усны хэрэглээ ч нэмэгдэнэ. Тэгэхээр бид усаа
үнэгүйдүүлж болохгүй. Усны үнийг олон улсын төвшинд хүргэнэ гэж бодож
байгаа. Монгол Улс усандаа хайр гамгүй ханддаг нь үнэн. Энэ байдлыг ч
зогсоохоор олон ажил хийхээр төлөвлөж байна.

-Усны үнийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Иргэдийн ундны усны үнийг ч бас нэмэх үү?

-Нэмнэ.
Нэмэхээр төлөвлөсөн. Засгийн газраас хэрэгжүүлэх “100 мян­ган айлын
орон сууц” хөтөл­бөрийн хүрээнд иргэдийн хэрэглэх унд­ны усны үнэ
нэмэгдэх юм. Ин­женерийн шугам сүлжээг шинээр тавих, шинэчлэхтэй
холбоотойгоор шүү дээ. Дээрх ажилд зарцуулсан хөрөнгөө олохын тулд усны
үнийг нэмэх шаардлагатай болж байгаа юм. Гэхдээ иргэдийн хэрэглээний
усны үнэ нэг их нэмэгдэхгүй. Усыг хэрэглээний болон ашиглалтын гэж
ан­гилдаг. Уул уурхай, газар тариалангийн салбарт хэрэглэж байгаа усыг
ашиглалтынх  гэж үздэг. Энэ ашиглалтын ангиллын усны үнэ нэлээд өсөх
болно.

-Танайхаас усны шинэ стандар­тыг боловсруулж байгаа гэж сонссон. Ингэхэд усны стандартад яг юуг хамаатуулдаг юм бэ?

-Усны
стандарт гэдэгт нэлээд олон зүйл багтдаг л даа. Тэр болгоныг дурдах юм
бол их зүйлийг нурших хэрэгтэй болно. Усны стандартыг тогтоохын тулд
эхлээд чанарын асуудлыг нь хэлэлцэнэ. Энэ сайн чанартай ус мөн үү, ундны
ус мөн үү, мөн бол ямар стандарттай байх вэ гээд л. Рашааны стандартыг
хүртэл тогтооно. Одоо горхи болгон рашаан болчихоод байгаа шүү дээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж